2015 оны аравдугаар сарын 7-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы 3 дугаар хорооны Нийгмийн хөгжлийн асуудлаарх хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож үг хэлэв.
Хэдхэн хоногийн өмнө болсон НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн бүх нийтийн 17 зорилтын 9 нь нийгмийн асуудалтай хамааралтай тул бид ядуурлыг арилгах, нийгмийн эрх тэгш бус байдлыг бууруулах зорилтуудад хамтын хүчээр хүрэх түүхэн эрин үеийн эхэнд байна гэж тэрээр үгийнхээ эхэнд онцлов.
Сайд С.Эрдэнэ цааш хуралдааны сэдвийн дагуу залуучууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн хөгжлийн талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй болон цаашдын бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ 2009 оноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратеги”, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2015-2030 онд баримтлах бодлого”-ыг баталсан, хөдөө орон нутагт Залуучуудын хөгжлийн төвүүдийг НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран байгуулж эхэлсэн, 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж үр дүнтэй ажилласан, Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцийн үндсэн зарчимд нийцүүлэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа зэргийг онцлон тэмдэглэв.