logo
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2015/10/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүний айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, албаны бусад хүмүүс угтан авлаа.

Эрхэм зочныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэн угтах ёслол өнөөдөр Их эзэн Чингис хааны талбайд болж албан ёсны арга хэмжээнүүд үргэлжилнэ.  Төрийн айлчлалын үеэр Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хархорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочлохоор төлөвлөөд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш