"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 38 дахь дугаар Хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Үүгээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улааныг сонгож, Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болор Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилогдсон тул өөрийн хүсэлтээр нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Мөн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Элчин сайдыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан “ Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д зарим заалтыг нэмсэн Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тухайлбал, “Цаа буга маллан тайгад амьдарч байгаа хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд 10 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувиар тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд улирал бүрийн эхний сард багтаан шилжүүлнэ” гэсэн заалтыг нэмжээ. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөх аж.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” , Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “...гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “...барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол..”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “...газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “..үл хөдлөх хөрөнгө...өмчлөх...эрхтэй.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан байна