Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын ГХЯ-д хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 14-нд Бишкек хотноо болов.
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Б.Абдылдаевт бараалхаж, Киргизийн Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Динара Амантуровна Кемеловатай зөвлөлдөх уулзалтыг хийв.
Найрсаг, илэн далангүй болсон Монгол, Киргизийн зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийн талаар илэн далангүй санал солилцлоо. Мөн Киргизийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар болон манай улсын гадаад бодлогын томоохон зорилтууд тухайлбал, Монгол Улс байнгын төвийг сахих орон болохоор шийдвэрлэсэн талаар мэдээлж, санаачилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл болон НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд Киргизийн дэмжлэг авах мөн Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн холбогдох хэлэлцээрт нэгдэж орох асуудлаар ярилцав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 10 дугаар сарын 4-нд болсон БНКирУ-ын Парламентын сонгууль амжилттай болсонд киргизийн талд баяр хүргэж, Монгол Улс цаашид ч киргизийн талтай ардчилал, нээлттэй нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн сургамж, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг нотлов.
Энэ үеэр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Бишкек дахь Монгол Улсын ЕКГ-ын албан ёсны нээлт болон Монголын кино өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.