Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын ГХЯ-д хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 12-нд Душанбе хотноо болов. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн сайд Сироджидин Асловт бараалхаж, Тажикистаны Гадаад хэргийн дэд сайд Зохиди Низомиддин Шамсиддинзодатай зөвлөлдөх уулзалтыг хийв.
Харилцан ойлголцсон байдалд болсон зөвлөлдөх уулзалтаар Монгол, Тажикистаны найрсаг харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, хамтарсан бизнес форум, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулахаар тохиролцов.