2015 оны 10 дугаар сарын 22-ны Пүрэв гарагт Сонин сэтгүүл сайтын ёс зүйн хорооны хуралдаан болж, Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэн Н-ээс ирүүлсэн Mongoliax.mn сайтад 2015 оны есдүгээр сарын 8-ны өдөр нийтлэгдсэн “Халхын шоронгийн хаан Нямлхагва өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь” хэмээх нийтлэлийн зурагтай холбоотой гомдлыг хэлэлцлээ.
Дээрхи нийтлэлийн гарчиг дор иргэн Н-ийн зургийг нийтэлж, түүнийг дээрэм тонуул зандалчлах гэмт хэргээр олон жилийн ял авсан, Авдрантын шоронд гэмт хэрэг үйлдэж буй залуусын нэг мэтээр нийтлэлдээ дурдсан байсан байна. Гомдол гаргагч энэ нь түүний нэр хүндэд халдаж, гүтгэн доромжилсон үйлдэл төдийгүй энэ нийтлэлээрээ Mongoliax.mn сайт “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд ханджээ.
Mongoliax.mn сайтад гомдлын талаар мэдэгдэж, хариу тайлбар хүссэн ХМЗ-ийн албан бичгийн хариуд тус сайт “Хүссэн хэрэглэгч фэйсбүүк эрхээрээ манай сайтад мэдээлэл оруулдаг флатформын хэлбэрээр бүтээгдсэн учир хэрэглэгчийн оруулсан мэдээлэд манай сайт хариуцлага хүлээхгүй. Бид зөвхөн хэрэглэгчийн нийтэлсэн мэдээллийг нягтлан засах эсвэл устгах эрхтэй. Энэ тохиолдолд манай сайт шаардлагатай гэвэл залруулга нийтэлж болно. Бид эхний ээлжинд мэдээллийн зургийг нь солилоо” гэсэн тайлбар ирүүлж, зургийг нь сольсноос өөр ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй байна.
Энэ гомдлыг Ёс зүйн хороо үндэслэлтэй гэж үзэн авч хэлэлцээд Mongoliax.mn сайтын дээрхи нийтлэл нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1 дэх заалт буюу “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Энэхүү дүгнэлтийг үндэслэн ХМЗ-ийн “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ын 6.2.4 дөх заалт буюу “гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг дурьдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх” гэсэн шийдвэрийг Сонин Сэтгүүл Сайтын Ёс зүйн хорооноос гаргаж, Mongoliax.mn сайт энэхүү нийтлэлээрээ ёс зүйн алдаа гаргасан талаар олон нийтэд мэдээлэхийг Ажлын албандаа даалгасан байна.