Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарлалаа. Энэ бол “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам” юм. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохино байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж.
Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарлалаа.
Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа базаагаад эхэлжээ.
Тэмцээнд Монгол, Тува, ӨМӨЗО, Буриад, Халимаг улсын шилдэг боксчид AIBA дүрмийн дагуу 1975-1996 оны хооронд төрсөн 19-40 насны оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт 4 тамирчин оролцох юм байна.
Тэмцээний шагналын сан Азийн боксын тэмцээн дундаа хамгийн өндөр буюу шилжин явах 750 кратын Алтан цомтой бөгөөд жин тус бүрд нэгдүгээр байр, алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх нь ээ.