Ирэх 2016 онд тохиох АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зурагчдын дунд зарласан “Урагшлах замд” (On the go) уралдааны дүн гарч, шилдэг бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэнг 2015 оны 11 дүгээр сарын 5,6-нд Люксембург хотноо болох АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалттай (АСЕМ ГХСНУ12) зэрэгцүүлэн нээхээр болжээ.
Ази-Европын сангаас зохион байгуулсан уг уралдаанд АСЕМ-ын гишүүн 50 орны мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчид 1,500 гаруй бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн үнэлгээгээр Литва улсаас оролцсон Берта Тилмантайтегийн “Завин дээр”, Энэтхэг улсаас оролцсон Ритагник Бхаттачаръяагийн “Гадны өөрчлөлтийг мэдэрсэн нь” зургууд шалгарсан бол цахим санал асуулгаар Энэтхэгээс оролцогч Роли Махажаны “Ражастаны нүүдэлчид” хэмээх бүтээл тодров.
Уралдааны бүтээлийг онлайнаар хүлээн авсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Лазаллийн урлагийн коллежийн Путнам кино урлагийн сургуулийн тэргүүн Гисли Снэр, Сингапурын олон улсын гэрэл зургийн наадмын захирал Гвен Ли болон авьяаслаг гэрэл зурагчин Стефен Чоу зэрэг мэргэжлийн туршлагатай хүмүүс ажилласан байна.
“Урагшлах замд” уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг цаашид Белги, Сингапур Улс болон 2016 онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын үеэр олон нийтийн хүртээл болгох аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.asef.org/onthego цахим хуудаснаас авна уу.