logo
Нийслэлийн удирдлагууд иргэддээ ойн мэнд дэвшүүллээ

Нийслэлийн удирдлагууд иргэддээ ойн мэнд дэвшүүллээ

2015/10/29
Эрхэм хүндэт нийслэлчүүдээ!

Та бүхэндээ Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Нийслэлийн шинэчлэлийн баг иргэдийнхээ оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байна. 2015 онд 42 жил огт засвар хийгээгүй зуслангийн чиглэлийн Дамбадаржаа-Шадивлан-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км автозам, 20 жилийн дараа Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамыг шинэчилж, Өлзийт хороолол, Биокоминатад амьдардаг иргэдийн олон жилийн хүсэл байсан 9.06 км автозамыг засварлан барьж ашиглалтад орууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг иргэдийнхээ оролцоотойгоор 2 дахь жилдээ үргэлжлүүлж байна.  

Бид энэ жил 1500 орчим айлыг тохилог дулаахан орон сууцанд оруулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 288 айл байрандаа ороод байна. Нийтийн тээврийн 60 жил мөрдөгдсөн, давхардсан хуучин чиглэлүүдийг шинэчилж хотын алслагдсан хороод руу шинэ чиглэл гаргаж, цахим картаар үйлчлүүлдэг, цагийн хуваариар явдаг хүн ачдаг бус хүндээ үйлчилдэг нийтийн тээврийн шинэчлэлийг нэвтрүүлж байна. Өмнө нь эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчин бусдад олгодог байсан бусармаг үйлдлийг зогсоож нийслэл газар эзэмших, ашиглах эрхийг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгодог боллоо. Ингэснээр газрын эхний дуудлага худалдаагаар  нийслэлийн төсөвт 2,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэв.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэд, гадаадын жуулчид, наадамчин олонд зориулан соёл урлагийн багц хөтөлбөрийг толилуулж, “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны талбайд анх удаа олны хүртээл болголоо. Улаанбаатар хотын гадаад харилцаа шинэ шатанд гарч  Зүүн Хойд Азийн бүс нутгийн удирдлагууд “Хотын ногоон хөгжил” сэдвээр манай хотод чууллаа. Тус форумаар Улаанбаатар хот анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болохоор ажиллаж байгаагаа зарлаж, бүс нутгийн хотууд ногоон талаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдлийг ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын нэгдсэн чуулганд Улаанбаатар хот өргөн барина.  
Бид иргэддээ амласан амлалтаа биелүүлж, хууль дүрэмтэй, найрсаг, амьдрахад таатай орчинтой, иргэндээ үйлчилдэг хот шиг хот болгохын төлөө Нийслэлийн шинэчлэлийн баг цаашид ч эрч хүчээ нэмж ажиллах болно.  

Нийслэлийн иргэн Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН ДАРГА        Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ   Э. БАТ-ҮҮЛ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш