logo
Залуучуудын хөдөлмөрийн төв бирж Оросын оюутны отрядтай хамтран ажиллана

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж Оросын оюутны отрядтай хамтран ажиллана

2015/10/30

Монголын Залуучуудын Холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмжийг сайжруулах, залуудаа эх орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржийг байгуулан идэвхитэй ажиллаж байгаа билээ.

Тэгвэл МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск районд 2015.10.24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эрхүүгийн Оюутны отрядуудын 55 дахь удаагийн цугларалт арга хэмжээнд оролцон Оросын оюутны отрядтай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, ОХУ-ын залуучуудын олон нийтийн байгууллага болох Оросын оюутны отрядтай хамтран Монголд хөдөлмөрч оюутан залуусын хөдөлгөөнийг өрнүүлж, суралцаж байх хугацаандаа эх орондоо мэргэжлээрээ ажиллах, бусад улс орнуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх, амралтын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангах зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Хамтран ажиллах гэрээг Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Бэлгүтэй, Эрхүү мужийн оюутны отрядын удирдлагын газрын дарга Н.С.Петров нар үзэглэсэн бөгөөд энэ 2 орны залуучуудын харилцааг бэхжүүлэх, ажиллах хүч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан залуусыг суралцаж буй мэргэжлээр нь туршлагажуулах ажлын эхлэл болж байгаа юм.

Өнгөрсөн онд Оюутны отрядуудаар дамжуулан ОХУ-д 240 мянга гаруй оюутан 3-6 сарын хугацаанд мэргэжлээрээ ажиллаж цалин урамшуулал авахын зэрэгцээ дадлага туршлага хуримтлуулж ОХУ-ын бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэрээ оруулсан байна.

Эрхүүгийн Оюутны отрядуудын 55 дахь удаагийн цугларалтанд ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Сергей Тин оролцож Монголын төлөөлөгчидтэй уулзан санал солилцож оюутны хөдөлгөөний талаар туршлага хуваалцсан юм. Тэрээр  “Улс орны хэцүү үед тулах тулгуур нь эрч хүчтэй оюутан залуус байдаг. Залуучууд суралцаж байх хугацаандаа хангалттай дадлага туршлага олж авах, чадварлаг ажиллах хүч болон гардгаараа оюутны отрядуудын давуу тал” хэмээн онцоллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш