logo
“Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

“Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

2015/10/30
2015.10.30

    Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Та бид энэ өдөр нэн чухал асуудлаар ярилцахаар цуглаад байна. Монгол Улсын төрийн албаны шинэ тогтолцооны бүрдэл төлөвшил, түүний шинэтгэлийн асуудал бол манай орны ардчилсан хөгжлийн үр дүн төдийгүй ардчиллын бодит хэрэгжилтийн чухал нөхцөл баталгаа болсоор ирсэн.

Эдүгээ Монгол Улсад бодит ардчиллын шинэ шинэ асуудал, зорилтууд тулгарч байгаатай холбогдуулж төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Төрийн албаны ил тод, цэвэр тунгалаг, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой байдал, төрийн албан хаагчдын мэргэшил ур чадвар, хариуцлага, ёс зүй, шударга чанар, хууль ёсыг сахин биелүүлэх байдал, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачлага нэн чухал. Энэ бүхнээс иргэдийн амьдрал ахуй, нийгэм эдийн засгийн өнөөгийн тулгамдсан зорилтуудын хэрэгжилт, бүр томоор сэтгэвэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ардчиллын хувь заяа хамаарах тийм хариуцлагатай үед ирээд байна.

Төрийн албыг шинэчлэх, илүү ардчилах, илүү үр нөлөөтэй болгох нь ардчилалыг шинээр болон сэргээн хөгжүүлж буй улс орнууд, хөгжиж буй орнуудад тулгарч буй зорилт төдий биш нийт үндэстэн, бүх улс орны төрийн хөгжилд хамаатай асуудал болж байна.

Саяхан болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү тогтвортой хөгжлийн зорилтууд, манай үндэсний хөгжлийн бодлогын зорилтууд, өнөөдөр нэн чухлаар яригдаж буй эдийн засгийн өсөлт, төсвийн хэмнэлтийн горим нь чухамдаа төрийн албаны үр ашигтай, зөв тогтолцоо, шинжлэх ухаанч удирдлага, төрийн албан хаагчдын бүтээмж, чадамж, мэргэшил, ур чадвар, хариуцлага, гүйцэтгэлээс шууд хамаарах юм. Энэ бүхэн төрийн албаны шинэтгэл зайлшгүй чухал болохыг нотолж байна.

Төрийн албаны шинэтгэлийг удирдах, хэрэгжүүлэхэд парламентын үүрэг чухал. Үе үеийн парламент энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Энэ удаагийн Улсын Их Хурал ч тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай, Нийтийн сонсголын тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг хэлэлцэж баталсан. Эдгээр хуулиудыг батлан мөрдүүлснээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нэгдсэн стандарт, жишигтэй, төсвийн зарлага, ажлын гүйцэтгэл нь иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болж, төрийн бодлого, шийдвэр, түүний хэрэгжилтэд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж чадлаа.

Төрийн албаны салбар харилцааг зохицуулсан эрх зүйн шинэтгэл  тасралтгүй хийгдэж байгаа ч эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээний олон талт харилцаанд төрийн албаны бүтэц тогтолцоо, түүний дотоод харилцааг боловсронгуй болгох шаардлага гарсаар байна.

Төрийн албаны эрх зүйн шинэтгэл өөрөө олон талтай учраас Та бид төрийн албаны тухай хуулийн талаар өргөн хэлэлцүүлэг хийж, санал бодлоо илэрхийлэхээр цуглаад байна.

Энэ хууль бол Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн алба хаах болзол, журам, тавигдах шаардлага, төрийн албаны төв байгууллагын чиг үүрэг, төрийн албан хаагчдын эрх зүйн байдал, баталгаатай холбоотой тухайн салбарын суурь үндсэн хууль. Төрийн албаны тухай  хууль батлагдаад 20 гаруй жил үйлчилж, өнгөрсөн хугацаанд 2-3 удаа томоохон өөрчлөлт орсон.

Монгол Улсын төрийн албаны шинэ тогтолцоо, шинэ харилцаа бүрэлдэн төлөвшихөд энэ хууль зохих үүргээ гүйцэтгэсэн. Цаашид ч энэ хуулийн суурь зарчим, үндсэн үзэл баримтлал тогтвортой хэвээр байх болно. Ингэснээр Монгол Улсын төрийн албаны тогтвортой, залгамж чанар хадгалагдах юм. Гэхдээ энэ бол юу ч өөрчлөгдөхгүй, хэвээрээ байна гэсэн хэрэг биш.

Манай нийгмийн амьдралын эрчимтэй өөрчлөлтийн дагуу энэ хуулинд шинэ зохицуулалт, зохих өөрчлөлтийг оруулах нь зүй ёсны хэрэг. Өмнө нь ч УИХ-ын зарим гишүүдээс тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж байсан. Харин энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцээд шийдвэрлэсэн бөгөөд энэ удаагийн намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороод байгаа. Тиймээс хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах захирамжийг би гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг цаг алдалгүй хэлэлцэж батлах, мөрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Сонгууль бүрийн дараах бүтцийн өөрчлөлтийн бужигнаан, Засгийн газар, албан тушаалтнуудын дур зоргын томилгоо, төрийн албан хаагчдын хууль бус халаа, сэлгээ, түүний төлбөр, тэтгэмжид урсаж буй төсвийн их хөрөнгө, төрийн байгууллагуудын үр ашиггүй, үрэлгэн хэрэглээний өсөлт, татвар төлөгчдийн мөнгөөр бие биенээ урамшуулан тансаглах зэрэг ужгирч тогтсон буруу жишгийг халж өөрчлөн, бүх юмыг байр байранд нь тавих цаг болсон.

Хууль зөрчсөн, хуулиас давсан энэ бүх үйлдлүүдийн уршигаар төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллаагааны залгамж чанар, тогтвортой байдал доголдож, төрийн дархлаа суларч, төрийн албан хаагчдын баталгаа алдагдахад хүрч байна.

Төрийн албан хаагчид бол хууль ёсоор хамгаалагдах эрхтэй хүмүүс. Тэдний ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Төрийн албаны тухай хууль бол тэр баталгаа нь юм. Сүүлийн үед энэ баталгаа алдагдах, зөрчигдөх тохиолдол их байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.

Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, хуулийг өөрчлөх үндэслэл, шалтгаан, бас юуг шинээр хуулинд суулгаж өгч байгаагаа олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт тавигдах илтгэлүүдэд шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, шинэлэг зохицуулалтын талаар дурдах тул би давтан яримааргүй байна.

Харин нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд дараах хэдэн зүйлийг анхаарахыг хүсье.

1. Төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцлийг хуулиар хангаж өгөх нь чухал байна. Төрийн улс төрийн албан тушаалтнаас бусад албан хаагчид намын гишүүн байхыг хориглохоос гадна улс төрийн албан тушаалтны хүрээг хумих хэрэгтэй. Тухайлбал, баг хороо, сум дүүрэгт засаг дарга нарыг төрийн захиргааны ангилалд хамааруулах нь зүйтэй. Ингэвэл анхан шатанд улс төржөөд суух биш, ажил хэрэг хуулийн дагуу явагдах нөхцөл бүрдэнэ. Улс төрийн нэг ч албан тушаалтанд томилох эрх хуулиар олгохгүй бөгөөд улс төрийн албан тушаалтнаас бусад бүх ангилалын албан тушаалын албан хаагчид сонгон шалгаруулалт болон ажлын үр дүн, мэргэшил, ур чадварын үнэлгээ дүгнэлтээр томилогддог байхаар хуульчилбал зохино. Салбарын хуулинд байгаа улс төрчдийн томилох эрхтэй холбоотой бүх заалтыг нэг бүрчлэн эргэж харах хэрэгтэй.   

2. Төрийн албанд гүйцэтгэл, хариуцлагын тогтолцоог иж бүрнээр суулгаж өгөх нь маш чухал. Төрийн албанд орох босго өндөр байх төдийгүй орсны дараа ажиллаж чадах нь үлддэг, дэвшдэг, чадваргүй, сэтгэлгүй, ёс зүйгүй нь явдаг байх үнэлгээ шалгуур, дүрэм, журмаа тодорхой болгох хэрэгтэй. Мэдлэг, ур чадварт суурилсан нийгмийн шалгарал тэнд байнга явагддаг байх ёстой. Мэддэг, чаддаг нь дэвшин дээшилдэг Мерит буюу чадахуйн зарчим мөрдөгдөх ёстой. Эс тэгвэл төрийн алба чадавхгүй, бүтээмжгүй хэвээр байх болно.   

3.Төрийн албаны адил ангилал, зэрэглэл, засаг захиргааны ижил түвшний албан тушаалын болзол, шаардлага, үнэлгээ, цалин хөлс адил байх зарчмыг баримтлах нь зүйтэй. Харин ажлын гүйцэтгэл, ур чадварын түвшингээс хамааруулж, урамшил, нэмэгдэл, зэрэг дэвийг нь тогтоох нь зүйн хэрэг. Үүнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолтыг томилох хүндээ тааруулж баталдаг одоогийн муу зуршлыг халж, ажлын байрны нийтлэг болон тусгай шаардлагыг ангилал, зэрэглэл тус бүрээр жигдлэн стандартчилж, батлан мөрдүүлбэл зохино. Ингэвэл нэг ижил албан тушаалын хоёр ажлын байрны шаардлага нь тэнгэр газар шиг ялгаатай байдаг явдал арилж, тэнд ижил түвшний мэргэжил, мэргэшилтэй албан хаагчдын жинхэнэ шалгарал, ялгарал тодорно.

4.Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж бэлтгэх, чадавхжуулах, хөгжүүлэх нь чухал байна. Энэ бол төрийн албаны төв байгууллагын нэг үндсэн чиг үүрэг байх ёстой. Сургалт, хөгжлийн нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлэх шаардлага байна. Төрийн хөрөнгөөр суралцах, мэргэжил дээшлүүлэх ажил болон энэ чиглэлээр хэрэгжиж буй гадаад, дотоодын төслийн зарцуулалт нэгдсэн зохицуулалт, хяналтгүй байгаагаас түүний хүртээмж жигд биш, үр өгөөж багатай байна. Тиймээс албан хаагчид өсөж хөгжихгүй, цаг үе, нийгмийн шаардлагаас хоцрогдох хандлагатай байна. Иймд төрийн албан хаагчдын мэргэшил, ур чадвар, ёс зүй, манлайллын тасралтгүй сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, ажилтнуудын өсөлт, хөгжилт, ахиц дэвшлийн атестатчилал явуулж байх нь зүйтэй. Тэд улс төржиж, намчирхаж бус мэдлэгжиж, дадлагажиж байх ёстой. Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, сэтгэлгээ шинэчлэгдэж байж төрийн албаны шинэчлэл хэрэгжинэ.  

5. Хууль журмын дагуу төрийн албанд орсон, ажил албандаа мэргэшсэн, өндөр ёс зүй, ур чадвартай албан хаагчдын эрх зүйн болон нийгмийн баталгаа бүрэн хамгаалагдсан байх нь чухал. Эрх нь зөрчигдөж хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн бол буцаан томилох, ажиллуулах нь хуулиар зохицуулагдсан байвал зохино. Өнөөдөр буцаан томилох шүүхийн шийдвэр хүртэл биелэгдэхгүй байна. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа тохиолдолд хууль хэрэгжүүлэх тухай яриа бол хоосон үг. Хүний нөөцийн асуудлаарх төрийн албаны төв байгууллагын шийдвэр, албан тушаалтны буруу шийдвэрээр халсан, чөлөөлсөн бол буцаан томилдог, гарсан хохирлыг буруутай албан тушаалтнаар хувиас нь төлүүлдэг байх, шүүхийн шийдвэр гарвал хэрэгждэг байх зохицуулалтыг хуулинд хатуу суулгаж өгөх хэрэгтэй. Төрийн албаны тухай хууль нь хэрэгжихгүй, албан хаагчид нь хуулиа дагаж мөрдөхгүй бол нийгэмд яаж хууль хэрэгжих вэ? Тиймээс энэ хуулийн зүйл, заалт бүр хэрэгжих, хариуцлага тооцох механизмыг суулгаж өгөх хэрэгтэй.  

Эцэст нь энэ суурь хуулийн шинэчилсэн найруулгыг чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хууль хоорондын уялдаа холбоог эргэж сайн нягтлах хэрэгтэйг ажлын хэсэгт анхааруулж байна. Салбарын хуулиудад хүний нөөцийн асуудал, тухайлбал ангилал, зэрэглэл, сонгон шалгаруулалт, томилгоо, цалин хөлс, зэрэг дэв, хангамж баталгааны талаар суурь хуулийн зарчмыг эвдсэн, зөрчилдсөн, түүнээс давсан, салбарын амбицад хөтлөгдсөн заалтууд байгаа нь төрийн албаны тухай хууль хэрэгжихгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Тэр бүх зөрчлийг арилгах хэрэгтэй.    

Энэ хуулийн талаар хамгийн их мэдэх хүмүүс энд ирсэн учир бусад зүйлийг та нар тодорхой ярих байх.  Та бүхний саналыг сонсох нь өнөөдрийн арга хэмжээний зорилго. Тиймээс   хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, санаа бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэхийг хүсье. Энэ бол төрийн албаны эрх зүйн шинэтгэлд оруулж буй хүн бүрийн хувь нэмэр байх болно.

        Та бүхний ажилд амжилт хүсье. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш