logo
АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсэг хуралдлаа

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсэг хуралдлаа

2015/11/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 2-нд МОНЦАМЭ  агентлагийн байранд хуралдлаа.  Хуралд АСЕМ-ийн Бэлтгэл ажлын алба, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар болон уг ажлын хэсгийн гишүүд оролцож, Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдийг байрлуулах зочид буудлуудтай хамтран ажиллах гэрээ, АСЕМ-ын мэдээлэл, дотоод сурталчилгаа, цахим хуудасны үйл ажиллагааг зохицуулах тухай болон Мэдээллийн төв нээх зэрэг асуудал хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар гадаадын 800-1000 орчим сэтгүүлч манай улсад ирнэ гэж тооцоолж байгаа. Тэдгээрийг байрлуулах зочид буудлуудын судалгаа хийж, өрөөний тоо, хүчин чадал, байршил, олон улсын зочид төлөөлөгчдийг байрлуулж байсан туршлага зэргийг нь харгалзан 6 зочид буудал шалгаруулаад байгаа юм. Эдгээр зочид буудлын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Ажлын хэсэг гэрээний төсөлтэй танилцан тодорхой саналууд өглөө.

Дээд түвшний уулзалтын талаарх мэдээллийг олон нийтэд цэгцтэй, ойлгомжтой, нэг цонхоор хүргэх зорилгоор МОНЦАМЭ  агентлагийн байранд Мэдээллийн төв нээн ажиллуулахаар болсон бөгөөд энэ сарын эхний хагаст багтаан үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Ажлын хэсгээс холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны Цахим хуудасны багийн үйл ажиллагааг өргөжүүлж дотоодын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах чиг үүрэг өгч, уг Мэдээллийн төвийг хариуцаж ажиллуулахаар болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш