logo
Гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөрийг батлав

Гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөрийг батлав

2015/11/09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан юм. Тус хөтөлбөр нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.

2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1 016 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2 789 иргэн  гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ. Харин Үндэсний Статистикийн хорооны 2013 оны тайлангаар Улаанбаатар хотод  333.4 мянган өрхийн 1.267.0 мянган иргэн байнга оршин сууж байгаагаас гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх иргэдийн тоо нийт өрхийн 0.4 хувь, хүн амын 0.1 хувийг тус тус эзэлж байна гэсэн байна.

Эдгээр иргэдийн 77.8 хувь нь эрэгтэй,  22.1 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас 3.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 82.7 хувь нь хөдөлмөрийн насны иргэн,  6.5 хувийг ахмад настан тус тус эзэлж байгаа юм байна.  “Гэртээ харих зам” хөтөлбөр батлагдсанаар эдгээр иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг  нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх, аливаа хэлбэрийн донтох эмгэгээс эмчлэн эрүүлжүүлэх, эргэх холбоо тогтоож, нийгмийн харилцаанд оролцуулахад чигэлсэн шат дараатай ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийг  2015-2020 онд  4 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үр дүнд нийгмийн хамгааллын мэргэжлийн, мэргэшсэн үйлчилгээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аль болох олноор хамруулж, үйлчилгээ авсан иргэн болон хувь хүн, байгууллагын эргэх холбоо бий болж, олон нийтийн эерэг хандлага нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хөтөлбөр хэрэгжих механизм бий болж, 2020 оноос төрийн бус байгууллага, иргэд үйлчилгээг үргэлжлүүлэх боломжтой болох төдийгүй үйлчилгээ авсан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчныг нэмэгдүүлэх боломж дээшилих юм байна. Хөтөлбөрийн хамгийн том үр дүн бол  30-аас доошгүй хувь нь гэр бүлдээ эргэн нэгдэж, амьдралын чанараа дээшлүүлнэ гэж холбогдох албаныхан үзэж байна гэж Нийслэийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш