logo
57-р тогтоолоор лоозон хийгчид хэн нь хэн бэ

57-р тогтоолоор лоозон хийгчид хэн нь хэн бэ

2011/10/11
Оюутолгойн гэрээнд гурван заалт бүхий 57-р тогтоолын дагуу нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэйг УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт удаа дараа сануулан, бичиг шаардлага шидэж, хэвлэлийн хурал хийлгэх болов. Уг нь Монголын ард түмэнд хэрэгтэй зүйл яриад байна гэж дэмжигчид олон байгаа ч нөгөө үзүүрээс нь дүгнэх хүн бас бий ажээ. Тухайлбал, Оюу толгой чухал боловч хүний амь нас, амьдралын баталгаа болсон өөр олон асуудал байдаг. Тэдгээрийг хүн амын тайван амьдралд нийцүүлэн хуульчлах үүргийг УИХ-ын гишүүд хүлээдэг учиртай. Харин 57-р тогтоол овогтой найман гишүүнд Оюутолгойгоос өөр чухал зүйл гэж байдаггүй нь чуулганы нэгдсэн хуралдаантай давхцуулан хэвлэлийн хурал зарлан, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг чуулганаас салгаж дөнгөлөө гэх хэсэг байхад, хувийн амбицаараа улс эх орны асуудлыг улс төржүүлэн, ард түмнээс оноо авч байна гэж үзэгсдийн тоо цөөнгүй байна. Юутай ч дээрх нэр гараад байгаа 20 эрхмийн толгойлогчид гэгддэг найман гишүүний талаар төрийн ордны гадна дотор ямар яриа, дүгнэлт явж байгааг сийрүүлье.
1.Сангийн сайд болоогүйдээ шаралхагч Н.Батбаяр
УИХ бүрэн эрхээ баталгаажуулж, одоогийн засгийн газрыг эмхлэн байгуулахад АН доторх “мүдньяк”-уудад гурван ч сайдын суудал санал болгоход Н.Батбаяр гишүүн заавал сангийн сайдын алба хашна гэж гүрийсээр хоосон хоцорсон. Үүнээс нь болоод фракцийнх нь түүнд таагүй ханддаг болсон гэх хов бий. Харин одоо Н.Батбаяр гишүүн сангийн яамыг толгойлуулаагүйн хонзонгоо 57-р тогтоолын ард тайлж байгаа гэх шинэ хов бий болжээ. 
2. Сайд болсон бол би ингэж гүйхгүй
АН-ын Япон боловсролтой эрхмүүдийн нэг, Англи, Америкт сурсан, амьдарсан гээд бусдыгаа бодвол нүд ам нээгдэхийн дээд болсон “Бридж” овогт Д.Ганхуяг гишүүнийг мөн л сайд болох хүсэлтэй байсан ч хоосон хоцорсондоо шаралхаж байна гэх юм. Тэрээр хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүн бөгөөд байнгын хороо толгойлж байсан гэдгээрээ энэ удаад сайд болох байсан гэж боддог байсан гэцгээж байна. 
3. Миний уурхайг надад өгсөн бол...
Адуунчулууны Ц.Шинэбаяр гэгддэг байсан эрхэм гишүүн хамгийн сүүлд 57-гийнхныг дагаж болжээ. Тэрээр Дорнодод уурхай эзэмшдэг бөгөөд тэрхүү уурхайнхаа ойр орчмын газрыг алдах хүсэлгүй ч газрын өндөр татвар төлөхөөс зайлсхийхийн тулд орон нутгийн хамгаалалтад оруулаад байсан юм. Ар хударгаар нь Ц.Жанлав гэгч засаг ноёноор суунгуутаа өнөөх шийдвэрийг нь цуцлаад газрыг нь МАК-д өгчихсөн гэдэг. Тэгээд газраа буцаан авах гээд засгийнханд хандаад бараагүй учир мөн л одоо өшөө авалт хийж байгаа юм гэх цуу үг явж байна.
4.Урт нэртэй хуулин дээр яалаа та нар...
Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд хэзээнээсээ ард түмний эрх ашиг, байгаль, экологио хамгаалах тал дээр үг хэлж, дуугарч байдаг хүн. Тиймдээ ч урт нэртэй хууль санаачлан хэрэгжихгүй байна гэж хэрүүл зарга хийж явдаг. Тэр утгаараа энэ 57-гийн багт оржээ.
5. З.Энхболд шударга имижээ тодруулна
Нам дотроо Ардчилсан хүчний холбоо байгуулан, Ардчилсан холбооныхныг элсүүлсэн тэрээр энэ тогтоолоор түрий барьж, шударга үнэний талд зогсдог гэдгээ нотлож байгаа юм гэдэг ярианд орчихсон явна.
6. Байнгын хорооноос мултлах хэрэггүй л байсан юм
Ц.Даваасүрэн гишүүний хувьд Төсвийн байнгын хороог толгойлдог байсан бөгөөд энэ албаа хашсаар байх сонирхолтой байсан гэдэг. Гэтэл эзний албанд ээлж ирж, эрхэм гишүүнд улирах боломж олдоогүйд бяцхан гомдол тээдэг байсан гэдэг гэх юм.
7. Д.Балдан-Очир мөн л байнгын хороонд санаатай
Завханаас сонгогдсон энэ эрхэм Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог толгойлох санаархалтай ч өнөөх нь АН-ын мэдлийнх болохоор энэ засгийн үед хүрд эргүүлэх боломж гарахгүй нь ойлгомжтой гэнэ. Тиймээс ч 57-гийнхонтой нэгдэн дуу хоолойгоо сүрхий гаргаж явна гэж дүгнэх хүмүүс олон байна.
8. Д.Зоригтыг унагаж байж санаа амарна
Ц.Батбаяр гишүүн хэзээнээсээ ЭБЭХ-ний сайдад талгүй нэгэн. Тэр ч утгаараа хэд хэдэн удаа огцруулах операцид оролцоод бүтэлгүйтсэн гэж байгаа. Одоо харин боломж гарчихаж магадгүй болсон гэнэ шүү.
Гэх мэтчилэн эрхэм гишүүдийн талаар хов жив, таамаг дэвшүүлэн ярьж байгаа ч Монголын талын хувийг 50-аас дээш болгохоор шаардаж байгаа нь 100 хувь зүйтэй асуудал гэж талархалтай хандаж байна. Тиймээс эдгээр эрхмүүдийн хэн нь хувийн амбиц гаргасан, хэн нь эх орны эрх ашгийн төлөө байсан нь цаг хугацааны шүүлтээр тодрох нь дамжиггүй.
Ш.БУЛГА  Үндэсний мэдээ сонин

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш