logo
Өнөөдөр “Үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан өдөр

Өнөөдөр “Үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан өдөр

2015/11/10
Монголын сэтгүүл зүйн түүхэнд өөрийн мөрийг үлдээсэн Монголын үнэн сонин одоогоос 95 жилийн тэртээ яг энэ өдөр анхын дугаараа Эрхүү хотод хэвлүүлж байжээ. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Үнэн сонины хамт олонд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Уг мэндчилгээг бүрэн эрхээр нь хүргэе.



"Монголын үнэн" сонины хамт олонд

2015.11.10.                                       Улаанбаатар хот.

Монголын хамгийн олон жил гарсан тогтмол хэвлэл болох “Монголын үнэн” сонины анхны дугаар хэвлэгдсэний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1920 оны 11 дүгээр сарын 10-нд Эрхүү хотноо анх хэвлэгдсэн “Монголын үнэн” нь Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт олон зүйлээр анхдагч болсон түүхэн гавъяатай. Тус сонин нь Монголын сэтгүүлзүйн түүхэнд тод мөр үлдээсэн “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг олон сониныг араасаа дагуулж, үндэсний сэтгүүлзүйн үе үеийн төлөөллийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг түүхэн тэмдэглэлт ойн өдөр эргэн дурсахад таатай байна.

Өнгөрсөн 95 жилийн хугацаанд “Монголын үнэн” сонины эрхлэгчээр Ц.Дамбадорж, “Өвгөөдэй” хэмээх Ц.Дамдинсүрэн, эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн, нэрт судлаач Г.Дэлэг, эрдэмтэн Ц.Намсрай, нэрт нийтлэлч, зохиолч Л.Түдэв нарын зэрэг шилдэг сэхээтнүүд ажиллаж, Монголын сэтгүүлзүйн стандартыг төлөвшүүлэх, “Үнэн” сонины гэх дэг сургуулийг бий болгоход онцгой хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэж байна.

“Монголын үнэн” сонины туулж өнгөрүүлсэн 95 жилийн түүх нь Монгол Улсын хөгжил дэвшил, алдаа онооны тусгал бөгөөд үгийн үнэ цэнэ, өдөр тутмын үйл явдал, бодит амьдралыг дэвтэрлэн үлдээдэг сэтгүүлч мэргэжлийн үнэ цэнийг бодитоор нотлон харуулсан нөр их хөдөлмөрийн түүх гэдгээр Монголын сэтгүүлзүй бахархаж байна.

Үндэсний сэтгүүлзүйн томоохон төлөөллийн нэг хэвээр байж, өдөр тутмын сонины түүхийг ширээлцэж байгаа “Монголын үнэн” сонины хамт олонд анхных нь дугаар гарсан түүхт ойн өдрийн мэндийг дэвшүүлж, ямагт шудрага үнэний дуу хоолой, иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр нь байхын ерөөл дэвшүүлье.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш