logo
Хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг...

Хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг...

2015/11/16

Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарыг оролцуулан мэдээлэл хийж, санал солилцон, үүрэг даалгавар өглөө.  

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө Франц улсын Парис хотноо зэвсэгт халдлага, террорист үйл ажиллагаа болж, 150 гаруй хүний амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Францын ард түмэн, Францын Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлье гэлээ.

Тэрээр ардчилсан нийгмийн нэг онцлог бол асуудлыг тайван замаар шийдэж байх ёстой. Ямар нэгэн асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх нь бидний хувьд хүлээж авах боломжгүй зарчим гэдэг ойлголт руу нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэх шаардлага гарч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд хүчирхийлэлд уриалан дуудаж байгаа, терроризмын энэ чиглэлийн үйл ажиллагаа руу турхирсан зүйлүүдийг нийгэм хүлээж авдаггүй, газар дээр нь үндсээр нь устгадаг  нийгмийн сэтгэл зүй рүү орох зайлшгүй шаардлага байна.

Хүчирхийлэлд уриалан дуудах, хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж хууль ёс өндөр хөгжсөн орнуудад үздэг учраас бид энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хүчирхийллийн эсрэг аян өрнүүлэх шаардлагатай байна. Хууль хүчний байгууллагууд өөрсдөөсөө шалтгаалах хууль, журмын шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр ажиллана. Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол аль нэг улс төрийн хүчний юм уу улс төрийн асуудал биш, улс үндэстний, улс эх орны асуудал гэж харж байна гэлээ.

Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудад  ирэх долоо хоногт энэ чиглэлээр хийх ажлын чиглэл өглөө. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулах, хүчирхийлэл гарсан үед яаж ажиллах, хүчирхийллийн үр дагаврыг хэрхэн арилгах гэсэн гурван түвшинд бодлого болон үйл ажиллагаагаа зохицуулах шаардлага байна гэж Ерөнхий сайд хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш