T.I хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнийн анхны бие даасан “Хүсэл биелнэ” цомог бэлэн болжээ. Тэрбээр цомгийнхоо өдөрлөгийг өнөөдөр 13 цагт "Их дэлгүүр"-ийн урд байрлах “Hi-Fi” дэлгүүрт хийхээр болсон байна. Түүнчлэн тэрбээр энэ сарын 30-нд Монгол Бөхийн Өргөөнд “Хүсэл биелнэ” тоглолтоо зохион байгуулах ажээ.
“Мөөжиг” нэрээрээ олонд танигдаж, уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Мөнх-Эрдэнэ нь Эрдэнэт хотод эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Бага байхдаа нүдний хорт хавдар өвчнөөр өвчилж бүрэн хараагүй болсон гэнэ. Гэсэн хэдий ч тэрбээр 1995 онд Монголын хүүхдийн ордны авьяас алтан медаль, 1998 онд мөн Монголын хүүхдийн ордны авьяас мөнгө, 1999 онд Улсын Турк дуу дуулаачдын уралдааны мөнгө, 2000 онд Ирээдүйн одод улсын дуу дуулаачдын уралдааны мөнгөн медалийг тус тус хүртэж хүүхэд насандаа гялалзсан амжилт үзүүлж явжээ.
Түүнчлэн тэрбээр бие даасан уран бүтээлийн гараагаа 2004 онд “T.I хамтлаг”-аа үүсгэн байгуулснаар эхэлж “Чамайг үгүйлнэ”, “Амьд бурхан” зэрэг хит дуу гаргасан нь залуусын сонсох дуртай хамтлаг болж чадсан юм. Тэрбээр 2010 оноос бие даан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд хамгийн анх гаргасан “Хайрын сарнай” гэх дуу нь түүнд улам их урам, эрч хүч хайрлаж “Найзууд”, “Аж богдын харуул” зэрэг дуунуудыг дуулахад хүргэсэн байна.
Дуучин залуу Хараагүйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалахад дуу хоолой нь болж “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүний ажлыг 2010 оноос өдийг хүртэл тасралтгүй хийж байгаа бөгөөд Эрдэнэт хотод амьдарч буй 400 орчим хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж явна.