Санхүүгийн зохицуулах хорооноос кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн дагаж мөрдөх “Кастодианы санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх заавар”-ыг нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн шинээр боловсрууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдийн хамтарсан тушаалаар батлагдсан уг заавар нь кастодианы санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх заавар, кастодианы дансны жагсаалт, кастодианы үйл ажиллагааны тайлангаас бүрдэх бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм.
Одоогоор Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хадгалагч кастодианы үйлчилгээг нэвтрүүлэхээр арилжааны гурван банкинд тусгай зөвшөөрөл олгоод байна. Манай улсын санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч буй кастодианы нягтлан бодох бүртгэлийн зааврыг олон улсын стандартад нийцүүлэх нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны зах зээлийг идэвхижүүлэх, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг сэргээх, кастодианы үйл ажиллагааг зөв зохистой чиглүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.