Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сантай хамтран “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд хамтын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 11-р сарын 13-нд “Блью Скай” цамхагийн Топаз танхимд хэвлэл мэдээллийн менежерүүд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн их дээд сургуулийн багш нар, судлаачдын оролцоотой зохион байгууллаа.
Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүргийг хүлээсэн өөрийн зохицуулалтын байгууллага юм. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө хамтран байгуулсан уг байгууллагын үйл ажиллагаа, цаашдын стратегийг ярилцаж, санал бодлоо солилцох зорилготой уг хэлэлцүүлгээр тус зөвлөлийн олон нийттэй харилцах стратегийн талаар хамтдаа онцлон хэлэлцэв.
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин сэтгүүл сайтын Ёс зүйн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн өсөн сарын хугацаанд юуны өмнө бид Хэвлэл мэдээллийн зөвлөлийг институцынх нь хувьд бүрдүүлж, иргэд, гомдол хүлээн авч, шийдвэрлэж эхэллээ. Бидний дараачийн нэн тэргүүний зорилт бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар олон нийтэд таниулах, ойлгуулах, түүнчлэн сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ болох ёс зүйн зарчмыг сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгоход чиглэгдсэн ажлууд байх болно” хэмээн илэрхийллээ.
Хэлэлцүүлэгийг хамтран зохион байгуулсан ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн суурин төлөөлөгч Штефан Хровот Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөвших үйл явцыг байнга дэмжиж явдагаа илэрхийлээд, Монгол улсад чөлөөт хэвлэл, ардчилал жинхэнэ ёсоор хөгжихөд салбарын өөрийн зохицууулалтын байгууллага чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов.
Хэлэлцүүлгийн эхэнд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагаа хариуцсан дэд дарга У.Тамир зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, өнөөг хүртэл хийсэн ажлууд, үйл ажиллагааны явц, цаашдын зорилтын талаар танилцуулахдаа “Ёс зүйн хороод нь одоогоор нийт 5 гомдлыг иргэдээс хүлээн авч хэлэлцээд байна” гэлээ. Хэлэлцүүлэгт оролцогсод зөвлөлийн үйл ажиллагааны талаар тодруулан асууж, гомдол хэлэлцэж гаргасан дүгнэлтийн талаар мэдээлэл багатай байгааг анхаарч, шийдвэрийн талаар өргөн хүрээнд сурталчилах шаардлагатай талаар санал бодлоо илэрхийллээ.
Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл байгуулагдсан нь өнөөгийн нийгэмд чухал үйл явдал болсныг тэмдэглээд зөвлөлийн үүрэг роль, ач холбогдол, олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд Ерөнхийлөгч М.Наранбаатар онцолсон бол Монгол Телевизийн Мэдээний албаны дарга Э.Лхагва “Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь ажлаа сайн хийх нь олон нийтэд танигдах үндэс суурь нь болохыг” тэмдэглэлээ.
Дэлхийд хэвлэлийн өөрийн зохицуулалтын олон жилийн туршлагатай улс орнуудад ч Хэвлэлийн зөвлөлийн төлөвших үйл явц нь цаг хугацааны болон үйл ажиллагааны урт удаан замыг туулдаг бөгөөд Монголын хэвлэл мэдээллийнхэн өөрийн зохицуулалтын энэ байгууллагыг харьцангуй хурдан хугацаанд байгуулж чадаад үйл ажиллагаа нь жигдрэх шатандаа явж байгааг нь уг хэлэлцүүлэгт уригдан оролцож буй Босни Герцогованигийн Хэвлэлийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Лиллиана Зуровач цохон тэмдэглэлээ. Нээлттэй хэлэлцүүлгийн дараа Хэвлэлийн зөвлөлийн гишүүдэд мөн сургалт хийж, өөрийн орны Хэвлэлийн зөвлөлийн төлөвшлийн үйл явц, өөрийн зохицуулалтын олон улсын туршлагаас хуваалцлаа.
Хатагтай Зуровач Босни-Герцогованид Хэвлэлийн Зөвлөлийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон бөгөөд өөрт тохиолдож байсан хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулсан арга зам, арвин туршлагаасаа хуваалцсан нь хэлэлцүүлэгт оролцогсдын хувьд маш сонирхолтой, санаа оноо авахуйц болж чадсан байна. Хэвлэл мэдээлэлийн байгууллага алдаа гаргаж болно. Харин хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй. Олон нийтийн мэдэх эрхийн төлөө амь биеэ хайрлалгүй явдаг сэтгүүлчдийн хувьд эрхийг нь хамгаалсан өөрийн зохицуулалтын байгууллага байх нь маш чухал юм. Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчдэд хэрхэн эх сурвалжаа хамгаалахад нь туслах, бичсэн нийтлэлээ ёс зүйтэй, баримттай, мэргэжлийн түвшинд хийхэд чиглүүлэх, харин олон нийтэд үнэн зөв мэдээллийг авахад нь тусладаг юм” хэмээн тэрээр онцолсон юм.
Ардчилсан нийгмийн түүчээ болсон залуу сэтгүүлчдийг бэлтгэдэг их дээд сургуулийн багш нар Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулагдсанд машид талархаж байгаагаа илэрхийлээд, Монголын хэвлэл мэдээлэлд ёс зүйн зөрчил хир зэрэг байгааг судалж, хэлэлцүүлэг өрнүүлсэний үндсэн дээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн цаашдын стратегийг тодорхойлох, сэтгүүлчийн ёс зүйн алдаа гаргаж байгаа тохиолдлууд, тэдгээрийн учир шалтгааны талаар оюутнуудад тайлбарлан таниулах, энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг Отгон тэнгэр их сургуулийн багш Х.Энхтуяа гаргасан нь анхаарууштай санаа байв.
Шинэхэн байгуулагдсан хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагаа, ач холбогдлыг нийгэмд таниулах, ялангуяа хэвлэл мэдээллийн салбарынхандаа ойлгуулах чиглэлээр хамтран хийх ажлын талаар оролцогч бүр өөр өөрсдийн саналаа хандивласан, олон санал санаачилгууд гаргасан уг хэлэлцүүлэг үр дүнтэй болж өнгөрлөө.