logo
О.Алтансүх: “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөр маргаашийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна

О.Алтансүх: “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөр маргаашийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна

2015/11/19

МЗХ-ны ЕНБдарга О.Алтансүхтэй ярилцлаа.

-МЗХ-ноос Хар цагаан жагсаалт гаргах болон “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ. Энэ ямар учиртай ажил вэ, зорилго нь?

-Үүнийг ярихын тулд нийгэмд байгаа манайхны нийтлэг ойлголтоос хол харайж, өөрсдийнхөө жинхэнэ санааг ярих хэрэгтэй юм аа. Сонгогчдыг сонголтоо зөв хийхэд нь “тусалж” дэм болдог, улс төрчдийг эрэмбэлж ялгадаг, нэр өгч оны, зууны тэргүүнээр өргөмжилдөг уралдаант шалгаруулалтуудыг Монголчууд бид олон удаа зохион байгуулсан. Гэвч энэ нь хэсэг хүнд мөнгө олох хэрэгсэл, зарим улс төрчдөд өөрийгөө нийгэмд таниулах арга төдий явж ирсэн. Сонгогчдод мэдээлэл өгөх, сонголтонд нь дэм болох зорилгоос холдоод явчихсан гэсэн үг. Тэгэхээр “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн хар цагаан жагсаалтын тухай, түүнийг хийх болсон шалтгааны тухай, чухамдаа яг юуны төлөө үүнийг хийж байгаа вэ гэдгийг нухацтай ярих хэрэгтэй болж байна.

Иргэд амьдралдаа, өөрт байгаа боломждоо сэтгэл дундуур байна. Өнгөрсөн 25 жилд бид алдаж оносон. Үүнийг нийтээрээ, бүх насныхан хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс дээр нийгмийг байгуулж, ахиу орлоготой, өнөөдрийнхөөс шийдэх асуудал нь бага, нарийндаа үүнээс арай дээр амьдарч болох байлаа гэсэн үг биз. Сэтгэл дундуур байдал нь заавал өөрчлөлт хийхийг шаардана аа даа. Энэ өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал нийгэмд яаж өрнөж байгааг аваад үзье. Зарим улс төрчид, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд шууд бослого тэмцэлд, эрс шийдэмгий өөрчлөлтөд уриалан дуудаж байгаа нь нууц биш. Үүнтэй МЗХ хэрхэвч санал нийлэхгүй. Сонгуульт ардчилал, үндсэн хуульт нийгмийн зарчим бол сонгуулиар, ард түмний саналаар аливаа асуудлыг шийддэг. Хувьсгал өөрчлөлт бол энэ зарчмын эсрэг зүйл. Дахиад 1990 он дээр очно, бүхнийг шинээр эхлэх болно. Дахиад нийгмийн баялгийн хувиарлалтын тухай асуудлыг яриад эхэлнэ гэсэн үг. Энэ утгаараа бүгд хожигдоно. Тэгэхээр сонгоод авчихсан либериал ардчиллын үндсэн зарчимдаа нийцүүлээд яаж сонгогчдод зөвөөр ойлгуулж таниулах вэ, тэр дундаа нийгмийн 70-80 хувийг бүрдүүлж байгаа залуу сонгогчдод яаж энэ үзэл санааг хүргэх вэ гэдэг нь онцгой чухал. Энэ асуудлыг МЗХ-ны V Их хурлаар залуус ярьсан. Эх орны өнцөг булан бүрээс цугласан, янз бүрийн мэргэжлийн 500 гаруй залуу ярилцсан гэсэн үг. Тэд нэгдүгээрт, нийгмээ эерэгээр өөрчилье. Хоёрдугаарт, нийгэмд зонхилж буй ёс суртахууны шатыг ядаж нэг шат ахиулъя гэсэн үндсэн санааг л ярьсан.

Нийгмийн шинжлэх ухаанд яригддаг нийгмийн гэрээ гэсэн ойлголт байдаг. Хэн ч гарын үсэг зурахгүйгээр ойлголцдог зарчмыг ингэж томьёолдог. Тэгвэл манайд засгийн тухай, улс төрд орж байгаа хүмүүсийг хулгайч нар, төсвөөс төрсөн тэрбумтнууд, олигархиуд гэж ярьдаг, бичдэг. Нийгмийн нэг хэсэг нь үнэхээр өөртөө ашигтай шийдвэр гаргаж, шийдэлд ойрхон байгаагаа ашигладаг, бодлогод нөлөөлөлдөг, энэ нь тэдний амьдралын чанарт сайн нөлөө үзүүлдэг учраас ийм ойлголт үүссэн. Тийм учраас улс төрчдийн талаарх энэ ойлголтыг нэг, хоёр шат ахиулах, улс төрд орох босгыг дээшлүүлэхийн тулд энэ бүхнийг өөрчлөх ёстой болно.

Монголын түүхийг өөрчилсөн үйл явдлуудыг хар ба цагаанаар нь ялгая. Шууд хэн нэгэн хүний тухай ярихгүй. Таны хийсэн үйлдлийн тухай, таны хийсэн үйл ажиллагааны тухай, таны бүтээсэн мөрний тухай л ярина. Та нэгэнт л ийм ажил хийсэн бол ард түмэн таныг дүгнэчихжээ. Ийм л зарчмыг сонгогчдод, улс төрчдөд ойлгуулъя. Үндсэн зарчим нь энэ.  Шулуухан хэлэхэд нийгмийн уур амьсгалыг ойлгоод, маргаашийнхаа ирээдүйг бодоод улс төрөөс цэвэрхэн гарах боломжийг олгож байгаа хэрэг. Нөгөө талаас улс төрд орж байгаа хүмүүс өнөөдрөөс хойш улс төрд, засаглалд ёс суртахууны өөр хэмжүүрээр хандах юм байна гэсэн хандлагыг төлөвшүүлэх нь чухал.

Тиймээс хар цагааныг тодруулах энэ үйл ажиллагааг бүхэлд нь “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн гэж өрнүүлж байна. Нийгмийн баялгийг завших хулгайг таслан зогсоовол нийгэм цэвэршинэ гэж үзсэн. Ядаж дараа үеийнхэн төрөөс ашиг харж ажиллахгүй байх зарчимд нэгдээсэй гэсэн туйлын зорилготой.

-Энэ санааг хүн болгон дэмжиж байгаа байх. Гол нь арга хэлбэрийн тал дээр тайлбарлаач?

-Ер нь хар цагаан жагсаалтыг ихэвчлэн нийгмийн гэрээг өөрчлөх, нийгмийн шинэ байгуулалд шилжихийг оролдсон үед хийсэн байдаг юм байна. Нэг нам нь нөгөө намынхаа рейтингийг унагах сонгуулийн арга хэрэгсэл болгож ашигласан тохиолдлууд ч байна. Нийтлэг хэлбэрээрээ шүү дээ. Гэхдээ бусад улс оронд жинхэнэ агуулга нь нийгмийн зонхилох хандлага, сэтгэлгээг өөрчлөх, эерэг өөрчлөлтийг авчрах гэсэн оролдлогууд байж.  Өнгөрсөн 25 жилийн хугацааг аваад үзье. Хүн амын 30-40 хувийнх нь хувьд тэдний туулж өнгөрүүлсэн амьдрал бол ихэнхийнх нь хувьд тэр дундаа залуучуудын хувьд мэдэхгүй, санахгүй, судлаагүй зүйлс шүү дээ.

Тэгэхээр эргүүлэн сануулах замаар энэ ажлыг хийх нь зөв гэсэн үндсэн шийдлийг МЗХ-ны Их хурын төлөөлөгчид гаргасан гэсэн үг. Олон хүмүүс, олон залуус ярьж байж энэ аргачлалыг сонгосон. Шууд хүн нэрлээд явчих гэхээр өрсөлдөгчөө намнах арга хэрэгсэл болгож ашигладаг, өс хонзонгоо тайлах гэдэг, өөрийгөө магтан дуулахын тулд санал өгүүлээд, лайк цуглуулаад эхэлдэг.

Өнгөрсөн түүхэнд болсон сайн ба муу үйл явдлыг ард түмнээр шүүлгэнэ. “Монгол хүний саруул ухаанд итгэж байна” гэдэг алдартай үг байгаа шүү дээ. Ийм үйл явдлыг жагсаачихаар түүнд оролцсон, хийсэн, хэрэгжүүлсэн, сэдсэн, санаачилсан хүмүүс нь тодорхой болно.

-Одоо хар цагаан жагсаалт олон нийтэд мэдэгдээд эхэллээ. Эсэргүүцлүүд хэр гарч байна. 100 үйл явдалтай холбоотойгоор олон хүний нэр дурдагдаад ирэхээр эсэргүүцэлтэй нэлээн тулах байх. Үүн дээр яаж зөв тайлбарлах вэ?

-Бид нар анхнаасаа ч ярьж байсан. Энэ бол ямар нэгэн маргаан мэтгэлцээн, үндэсний хагарал, популизмын арга хэрэгсэл битгий байгаасай гэж. Тэр утгаараа 100 үйл явдлыг жагсаана. Тэрэнд холбоотой хүмүүсийн нэрс гарна. Дахиад социологийн судалгаа, олон нийтэд хандсан санал асуулга гэх шат дараатайгаар явагдана.

Тэр үйл явдалд оролцсон гэж тодорсон хүмүүст өөрийгөө иргэдэд зөвөөр ойлгуулах, тайлбарлах хугацаа бас байгаа. Тэр хүмүүс уг үйл ажиллагааг зөвтгөх, оролцоогүйгээ нотлох, учир шалтгааныг нь телевиз, радио, сонин, сошиал ертөнцөөр тайлбарлах боломжтой. Энэ үйл ажиллагаа нийгмийг хандлагыг бүхэлд нь өөрчилнө. Мэдээж хүндрэл бэрхшээл тулгарна. Үүнийг ард түмэнд зөвөөр ойлгуулах нь чухал. Тэр дундаа нийгмийн уураг тархи болж байгаа сэхээтнүүд зөвөөр ойлгоосой гэж залуучууд бид маш их хүсч байгаа.

-Бас нэг асуудал байгаа нь хар жагсаалт гаргана гэхээр хүмүүс шууд л нэрс хүлээгээд байх шиг байгаа юм. 10-р сарын 2-нд болсон хэвлэлийн бага хурлаар нэрс зарлах тухай ойлгосон байсан. Нэрс хэзээ тодорхой болж эхлэх вэ?

-Ирэх оны 2-р сарын 2-нд нэрс тодорхой болно. Энэ нь Монголын нийгмийг тэр тусмаа зонхилох сэтгэлгээг эвдсэн шинж чанартай байж таарахгүй. Монголын 70 хувийг бүрдүүлж байгаа залуусыг төлөөлөөд сууж байгаа бид нарын хувьд хариуцлагатай үйл ажиллагаа. Тэр утгаараа энэ түүхэнд үлдэнэ. Бид нарын нэр л гарна. Буруу мөр үлдээвэл, насан туршдаа хүүхдүүд минь түүнийг арилгах гэж амьдарна. Ийм өвийг үр хойчдоо үлдээхийг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Тийм учраас маш тодорхой, ил тод зарчмыг баримталж энэ үйл ажиллагааг зохион байгуулна.

-Одоо хүмүүс хэр дэмжиж байна. Хамтрая гэсэн хүмүүс хэр ирж байна?

Бид хар цагаан жагсаалтын талаар өргөн хүрээний мэдээлэл, танин мэдүүлэх ажил хийж эхлээгүй байна. Цахим ертөнцөд идэвхтэй байдаг хүмүүс л мэдээлэлтэй байгаа болов уу. Хүмүүс эерэгээр хандаж байгаа гэж ойлгогдож байна. Нийгмийг уриалан дууддаг, зонхилох сэтгэлгээ болж байгаа хүмүүс ирж уулзаж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн, Зохиолчдын нэгдсэн эвлэл, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Урчуудын эвлэлийнхэн дэмжихээ илэрхийлсэн. Та нарын зорилго өөрөө зөв байна гэдэг тэр сигналыг авч байгаа хүмүүс ирж байгаа гэж ойлгож байгаа. Энэ залуус зөв санаа гаргасан байна. Хийхдээ алдах вий, муухай болгочих вий, дэм болчихьё, санаа оноогоо нэмэрлэе, үүнийг үнэхээр түүхэн үйл ажиллагаа болгоод нийгмийн сэтгэлгээний тогтсон хандлагыг нэг шатаар ахиулчихъя гэсэн сонирхолтой, сайхан сэтгэлтэй, Монголын төлөө хүмүүс манай дээр ирж байгаа гэж ойлгож байгаа.

Эко телевизээр ярилцлаганд ороход зургаан хүн шууд эфирт холбогдсон, зургуулаа дэмжиж байна лээ. Тэд нар ариун нандин зорилгоо зөв хэрэгжүүлээрэй, битгий замаасаа хазайгаарай, өөрсдийгөө бүү худалдаарай гэдэг ганцхан зүйлийг л захиж байсан. Энэ бол нийгмийн захиалга, хүмүүсийн хүсэлт гэдэг нь мэдрэгдэж байна.

-Хар цагаан жагсаалтыг МЗХ өөрсдөө гаргаж ирэхгүй, ард түмний санал асуулгад үндэслэнэ гэдгийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх шиг байна. Залуучуудын төв байгууллага үүн дээр санаачлага гаргана, хэрэгжүүлнэ, харин эцсийн шүүгчид нь ард түмэн өөрсдөө байж маргаашийнхаа ирээдүйг гэрэлтүүлнэ гэдэг гол зорилгын тухайд?

-Үнэхээр хүсээд байгаа зүйл маань энэ л дээ. Яг тэр жинхэнэ зорилгыг ойлгохгүй байгаа учраас хүмүүс хардаад байгаа юм. Энэ бүгдийг цаг хугацаа харуулна. Ямар ч байсан зорилгоо тавиад үүнээсээ ухрахгүйгээр зүтгэе гэсэн бодолтой ажиллана.

-Энэ ажил бол нийгмийн захиалга гэж та түрүүн хэлсэн. Үүнийг Залуучуудын холбоо гэх энэ байгууллага, дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрсдөөрөө дэнчин тавьж байж эхлүүлж байна хэмээн харж байна?

-Үеийнхээ залуустай яриад суухад өнгөрсөн 20 жилд бид сайхан амьдарч чадсангүй дээ гэж халагладаг. Сайхан харагдуулж байсан зүйл нь эхнэр, гэр бүл, үр хүүхэд, хамт олон, анд найзууд. Бид тэднээс аз жаргалыг олж авдаг байлаа. Гэхдээ харсаар байтал болохгүй байгаа зүйлд сэтгэл гунадаж, шаналж, стресстсэн. Хулгай хэвийн үзэгдэл болтлоо өргөжсөн нийгэмд бухимдаж эхэлсэн. Бид нарын өсөх насанд картын барааны үе таарч бид бүгдээрээ хүнс тэжээлийн хомсдолд ороод тагжгар болцгоочихсон гээд инээлддэг. Дараа нь оюутны байранд зөвхөн бэлэн гоймонгоор шахуу амьдарцгаасан. Амьдрал тийм л хүнд байсан. Одоо 40 хүрээгүй залуус өвдөж, өвчин тусч байна. Энэ байдал битгий удаан үргэлжлээсэй гэж мэдээж бүгд хүсч байна. Бид л алхам хийхгүй бол нийгмийн гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрдөг ойлголт өөрчлөгдөхгүй юм байна. Нийтийг хамарсан “хулгайд дассан” сэтгэлгээ өөрчлөгдөхгүй нь. Бид үүнийг санаачлахгүй бол бухимдсан олон түмэн буруу замаар явж мэднэ. Дайн самуунд уриалах хүмүүс ч байна. Бид илүү ухаалаг шийдлийг гаргахгүй бол болохгүй. Тэр тусмаа Монголын 70 хувь болж байгаа Монголын залуус үүнийг зайлшгүй хийх ёстой. Энэ бол шаардлага. “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжин, нийгмийн баялгаас хумсалдаг, хулгайлдаг, шударга бус байдлыг өөрчлөхөд таны санал үнэтэй. МЗХ-ны 70101814 утсаар болон myf.mn сайтаар дамжуулан саналаа өгөөрэй гэж уриалж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш