The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.
Л.Болормаа нь 1989 онд Москвагийн Хэвлэлийн инженерийн дээд сургууль, 1997 онд МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад туршлага судалсан юм.
Л.Болормаа нь 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад билэг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ.
Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан юм. The Mongolian Mining Journal сэтгүүл нь мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг бөгөөд аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус бие даасан мэргэжлийн редакц болно. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв. Тэрээр сэтгүүл зүйг мэргэшүүлэн төлөвшүүлэхэд The Mongolian Mining Journal хэмээх бүхэл бүтэн загвар, институтыг бий болгосон гавьяатай.
Л.Болормаа нь залуу сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болсон билээ.
Л.Болормаа нь 2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2013 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн юм. Эдгээр ном сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд сэтгүүл зүйн ур чадварын томоохон гарын авлага болдог бөгөөд олон залууст сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзлийг бэлэглэж ирсэн билээ.
Л.Болормаа нь The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа The Mongolian Mining Journal” сэтгүүл болон baabar.mn дэх өөрийн цахим хуудсаар дамжуулан жинтэй, даацтай нийтлэлүүдээрээ уншигчдыг дагуулж, нийтлэлийнх нь мөрөөр нийгэмд хурц мэтгэлцээн, үйл явдал өрнөдөг байсан юм. Тэр хараат бус сэтгүүл зүйн үлгэр дууриалал байсан.
Он цагийн уртад улам бүр үнэ цэнтэй болдог баримт, үйл явдал, өөрчлөлт бүрийн өнгө төрхийг бичиглэн үлдээсэн нийтлэл, сурвалжлагууд нь Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид ч улам үнэ цэнтэй орших болно.
Эрхлэгч минь сэтгүүлзүйг эрхэмсэг, эрэлхэг, ухаалаг, гэгээн байлгахын төлөө үзгээ барьдаг байсан. Эрхлэгч минь сэтгүүл зүйн салбартаа манлайлагч нь, хамт олныхоо залан чиглүүлэгч нь, хонгорхон охидынхоо гэрэлт сайхан ээж нь байсан билээ.
Сэтгүүлзүйн салбарын даваа нугачаа бүхэнд редакци, сэтгүүлчийнхээ талд үргэлж зогсож, нөмөр түшиг болж явсан Болороо эрхлэгчийн минь гэгээн дүр, хүсэл мөрөөдөл, зорьж тэмүүлж, зүтгэж бүтээж байсан бүхэн хамт олны тань сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.
Үргэлж завгүй явсан Эрхлэгч минь, хайрт ээж минь, хонгор дүү минь, эрхэм эгч минь та тэнгэрийн оронд амгалан тайван нойрс доо.
The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд