logo
Л.Жамбалжав: Эрүүл мэндийн салбараа шинэчлэх нь эмч миний өргөсөн тангараг, үүрэг юм

Л.Жамбалжав: Эрүүл мэндийн салбараа шинэчлэх нь эмч миний өргөсөн тангараг, үүрэг юм

2015/11/24

-Эрүүл мэндийн салбар эзгүйрээд хагас сарын хугацаа өнгөрлөө. Г.Шийлэгдамбын хувьд сайдын албан тушаалаасаа албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан. Гэвч Засгийн газраас Эрүүл мэндийн сайдаар хэнийг томилох нь тодорхойгүй хэвээр л байна-

Уг нь Эрүүл мэндийн салбар бол улсын чухал салбар. Ийм салбарыг удаан эзгүй, сайдгүй явуулж болохгүй. Тиймээс ч салбарын эмч, эрдэмтэд, албан хаагчид санаа нь зовинож, төрийн гурван өндөрлөгт санал хүсэлтээ илэрхийлсээр байна. Тэд салбараа мэргэжлийн хүнээр удирдуулахыг хүсчээ. Тодруулбал, Монгол Улсын гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжаваар удирдуулахыг хүсч, саналаа төрийн гурван өндөрлөг болон МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан туршлагатай, мэдлэгтэй, чадвартай хэмээн үнэлж, нэрийг нь дэвшүүлээд байгаа Монгол Улсын гавьяат эмч Л.Жамбалжав Эрүүл мэндийн салбарыг удирдах тухай асуудлаар ямар байр суурьтай байна вэ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Эрүүл мэндийн салбарын нэр бүхий эмч, докторууд таныг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлж, Төрийн гурван өндөрлөг болон МАХН-ын даргад хүсэлт тавьсан байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэл маш удаан явагдаж байна. Энэ салбар үнэхээр хоцрогдсон. Үйлчилгээ, чанар маш хангалтгүй байна гэж иргэдээс гомдол ирэх боллоо. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж байгаа нь энэ салбарын эмч ажилчдын санааг маш ихээр зовоох байна. Миний хувьд ч салбарын хангалтгүй байдалд санаа зовинон өдөр тутмын сонинд ярилцлага өгч байсан.

Үнэндээ эрүүл мэндийн салбарыг сайжруулах, нийгэмтэй нь хөл нийлүүлэхэд нэн шаардлагатай болоод байна. Тиймээс л манай эмч, эрдэмтэд салбарынхаа төлөө зовж энэхүү асуудлыг өргөн барьсан байх гэж ойлгож байгаа. Эмч гэлтгүй олон нийт энэ салбарыг хэнээр удирдуулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулчихаад байна шүү дээ.

-Уг нь мэргэжлийн хүн салбараа удирдаад явбал ядаж л эмч нарт юу дутагдаад байгааг мэдэж, цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой болов уу. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Эрүүл мэндийн салбарыг хэн дуртай нь удирддаг боллоо. Уг нь энэ салбар чинь мэргэжлийн хүнээр удирдуулах ёстой өвөрмөц салбар. Өнөө маргааш даа ажил нь яваад байгаа мэт харагдаж байв ч, нэг голдирлоор л явж ирлээ. Өөрчлөлт, шинэчлэлт юуч хийгдсэнгүй.

Эмч нарт юу хэрэгтэй вэ. Өвчтөнөө эмчлэх эм, тариа л чухал. Гэтэл өнөөгийн эрүүл мэндийн салбар эм тариагаа үнэхээр их дутагдаж байна. Орон нутагт барилга, эмч, сувилагч л үйл ажиллагаа явуулж байна. Тэнд эм, тариа гэх зүйл алга. Өвчтөн өөрөө л эм тариагаа олж ирж, эмчилгээ, үйлчилгээ хийлгүүлж байна. Ийм нөхцөлд эрүүл мэндийн үйлчилгээг яаж хангалттай гэж дүгнэх вэ дээ. Тиймээс л эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай болчихоод байна.

-Эрүүл мэндийн салбарт хангалттай хөрөнгө төсөвлөгддөг биз дээ. Үүнийг эм тарианд зарцуулдаггүй гэж үү?

-Хүний эрүүл мэнд амь настай холбоотой байдаг учраас их хурлаас эрүүл мэндийн салбарын төсвийг огтхон ч хасдаггүй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч салбарын төсвийг хасалгүйгээр хангалттай шийдвэрлэж өгсөн. Гэвч төсөвлөгдсөн хөрөнгө зөв зарцуулагдахгүй байна гэж харж байгаа. Манай салбар маш үрэлгэн байгаа. Энэ бол эмнэлгүүдийн дарга удирдлага, менежерүүдтэй холбоотой асуудал. Эмнэлгүүдийн үрэлгэн байдлыг зохицуулах бодлого бий ч тэр нь маш хангалтгүй байна. Хангалтгүй байгаа ганц шалтгаан нь эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдсантай шууд холбоотой юм.

Тиймээс л салбарын эмч, эрдэмтэд аргаа бараад санал хүсэлтээ тавьж эхэллээ. Надтай нэр бүхий эмч, эрдэмтэд ярьсан. Бид санал хүсэлтээ ч солилцсон. Улмаар салбараа сайжруулахын тулд бид өөрсдөө л ажиллах ёстой гэсэн ерөнхий шаардлагад хүрсэн. Улс төрчид, гадныханд даатгалгүй мэргэшсэн салбарын хүн л удирдах нь зөв гэдэг дээр санал нийлсэн.

-Эрүүл мэндийн салбарыг хэнээр удирдуулах вэ. Мэргэшсэн хүн ховор байна гэгчлэн янз бүрийн мэдээ мэдээллүүд гарч байна. Таны хувьд сумын эмчээс, яамны бодлого хариуцсан газрын дарга хүртэл дэвшин ажиллаж байсан. Эмч нарын хувьд таныг Эрүүл мэндийн салбарыг удирдаад явах туршлагатай хүн гэж харж байх шиг байна?

-Миний хувьд 18 настайдаа анагаахын сургуульд орж  энэ үеэс л эрүүл мэндийн салбартай холбогдсон. Сумын эмч, аймгийн эмч, цэргийн эмнэлгийн туслах эмчээс зөвлөх эмч хүртлээ л дэвшин ажиллалаа. Мөн улсын томоохон эмнэлгүүдийг удирдаж, яамны газрын даргын албан тушаалуудыг нэр төртэйгээр хашсан туршлагатай хэмээн ам бардам хэлмээр байна. 40 гаруй жил эрүүл мэндийн салбарт дороос нь дээш хүртэл ажиллалаа шүү дээ. Салбарынхаа сайн муу миний ажилласан жилийн туршлага мэднээ.

Түүнээс гадна хуучны ЗХУ-д эрдэмийн зэрэг хамгаалсан. АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд олон оронд мэргэжил дээшлүүллээ. Одоо энэ туршлагаа эх орондоо зориулах ёстой гэж бодож байна. Жирийн нэг эмч хүний хувьд, 40 мянган эмч ажилчдын нэг хүний хувьд салбараа өөд татах чин хүсэл бий. Надад мэдлэг чадвар байгаа учраас нэрэлхэлгүй, салбараа удирдаад явья гээд салбарын эмч, эрдэмтдийн тавьсан саналыг хүлээн авсан юм.

МАХН-д эрүүл мэндийн сайдыг томилох эрх бий. Тиймээс намын удирдлага энэ асуудлыг шийдвэрлэх байх.

Надад сайд болъё гэсэн хувийн ашиг сонирхол байхгүй. Харин салбарынхаа ирээдүйн төлөө өөрийн мэдлэг, чадвараа зориулахад бэлэн байна гэдгээ намын удирдлагуудад уламжилсан. 40 мянган хүний төлөө зүтгээд үзье л гэж шийдсэн юм. Эмч, эрдэмтэд ч энэ асуудлаар манай намын удирдлагуудад хандсан байна.

Миний хувьд гурван тангараг өргөсөн хүн. Эх орноо хамгаалах, газар шорооныхоо төлөө тэмцэх цэргийн тангараг өргөсөн. Мөн нийтийн эрүүл мэндийн төлөө зүтгэх эмчийн тангараг өргөсөн. Гуравдугаарт төр түмнийхээ төлөө зүтгэх төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүн.

Миний ажил хийе, түүний төлөө зүтгэе гэсэн хүсэл эрмэлзлэл манай салбарын олон хүнд таалагдаж байгаа гэдэгт итгэж байна. Даалгавар, захиасууд ч олон ирж байна. Шүүмжлэл, дэмжлэгийг зэрэг хүлээн авч байна.

-Хэрвээ таныг дэмжиж Эрүүл мэндийн сайдаар томилвол хамгийн түрүүнд ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт улс төржилт байж болохгүй. Хэдийгээр намын томилгоогоор гарч ирсэн ч гэсэн нийтийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавих шаардлагатай гэсэн миний хувийн зарчим бий. Миний хамгийн эхэнд хийх ажил бол ямарч улс төржилтгүйгээр ажиллана. Мөн Засгийн газрын орхигдоод байгаа мөрийн хөтөлбөрийг энэ богино хугацаанд хийж, хэрэгжүүлнэ гэсэн бодол байна. Мэдээж эрүүл мэндийн салбарын чанар болоод хариуцлагын тогтолцоог сайжруулахад онцгойлон анхаарах ёстой. Мөн хөрөнгө мөнгийг үр дүнтэй, зөв зүйлд зарцуулахад анхаарч, хяналт тавьж ажиллах, зохицуулах ёстой эрх зүйн актуудыг яаралтай гаргах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тогтворжуулах, шинэчлэлийн бодлого өндөр ач холбогдол өгнө гэх мэтчлэнгийн олон ажлуудыг бодсон байна. Хийх ёстой ажлаа л хийнэ салбарын мэргэшсэн хүн салбарынхаа тулгамдсан асуудлыг л шийдвэрлэнэ шүү дээ. Эрүүл мэндийн сайд болох нь эмч хүний үүрэг юм гэж давхар хэлмээр байна.

-Таны хувьд МАХН-д хэзээ элссэн билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-1977 оны 3 дугаар сард Монгол Ардын Хувьсгалт намд элссэн. Гэвч цэргийн хүн байсан учраас мэргэжлийн шаардлагаар 1990 онд намгүй болж байлаа. Ингээд цэргээс халагдсаны дараагаас эмч хүний хувьд нийгмийн сайн сайхны төлөө Социал Димократ үзэл баримтлалтай нийлж байв. Энэ ч утгаараа Социал Димократ нам ороод Ардчилалын төлөө тэмцэлд гар бие оролцож байв. Гэвч сүүлийн үед бидний ардчилал нэг намын өмч болон хувирчихаад байна шүү дээ. Ингэж явахад шударга ёсны төлөө МАХН нэрээ авч байгуулагдсан. Намын уриаг маш ихээр дэмжиж шударга ёсны төлөө 2011 оны 6 дугаар сарын 24-нд МАХН-д элссэн. Манай намын дарга Н.Энхбаяр ч шударга ёсны төлөө тэмцэж байсан учраас түүний үйл хэргийг дэмжиж, хамтран ажиллахаар сэтгэл шулуудсан билээ.

-Ярилцлага өгсөн баярлалаа. Таны цаашид ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Эрүүл мэндийн салбар таны хүсч, зорьж байгаа шиг эрүүлжих болтугай.

Ярилцсан Л.Тамир
Эх сурвалж: undesten.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш