Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас оюутан залуусын сэтгэлгээний боловсролыг дэмжихэд чиглэсэн Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хувьд “Нэг зүг-Зөв хөгжил” уриан доор зохион байгуулагдах аж.
2015 оны Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Парламентын мэтгэлцээний клуб, холбоодыг бүгдийг нэгтгэсэн “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” ажиллаж байгаа юм байна. Энэхүү танхимд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулдаг таван холбоо, 20 гаруй клубууд нэгдэн орсон аж.
Мэтгэлцээний түүхээс харахад одоогоос 20 гаруй жилийн тэртээ нийгмийн шилжилтийн үед өсвөр үеийнхнийг нээлттэй нийгмийн идэвхтэй, чөлөөт иргэн болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монголын нээлттэй Нийгэм” хүрээлэн, “Соросын сан” олон улсын байгууллага хамтран ахлах ангийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан Мэтгэлцээний хөтөлбөрийг анхлан Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй аж.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж мэтгэлцээн хөтөлбөрөөр хичээллэсэн олон мянган залуус энэхүү хөтөлбөрийн үр шимээр салбар бүрт манлайлагч болон ажиллаж байна.
Мэтгэлцээнээр суралцагчид нийгмийн олон асуудалд анхаарлаа хандуулж бусадтай санал бодлоо чөлөөтэй солилцож үндэслэл бүхий нотолгооны тусламжтайгаар бусдад итгэл үнэмшил төрүүлэх чадвартай болдог бөгөөд олон ургальч үзэл, асуудлыг олон талаас нь харах дадал зэргийг олж авдаг юм байна.