logo
БНАСАУ-ын Вөнсан хот руу Улаанбаатар хотоос шууд нислэг хийх талаар санал солилцлоо

БНАСАУ-ын Вөнсан хот руу Улаанбаатар хотоос шууд нислэг хийх талаар санал солилцлоо

2015/11/26
Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод энэ сарын 19-23-ны өдрүүдэд ажын айлчлал хийх үеэрээ тус улсын Вөнсан хот болон Зүүн бүсийн аялал жуучлалын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, хоёр хотын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцлоо.

БНАСАУ-ын Вөнсан хот нь зүүн далайн эрэг дагуу байрладаг бөгөөд 7400 га газар нутагтай. Энэхүү хотыг  бие даасан байдлаар, зүүн бүсийн аялал жуучлалын бүс болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Тус хотод  олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулснаас гадна, олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Мөн  энэ хотод Олон улсын хүүхэд, пионерийн зуслан, хүүхдийн асрамжийн газар, далайн парк зэрэг жуулчдыг татах олон шинэ бүтээн байгуулалт байгууламжийг хийжээ.

Гэхдээ эдгээр барилга байгууламжийг хамгийн богино хугацаанд цэрэг болон ард иргэдийн хүчээр босгосон гэдгээ Вөнсан хотын удирдлагууд хэлж байсан юм. Тус хотод барьсан цанын баазыг 10 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зүүн хойд азийн бүс нутагт байхгүй олон улсын стандартыг хангасан гайхалтай бүтээн байгуулалт гэдгийг  нийслэлийн Засаг дарга онцолж байсан юм.

Мөн олон улсын хүүхдийн зусланд тоглоомын талбай, далайн парк, хөл бөмбөгийн талбай гээд хүүхдийн хүсэл сонирхлыг татахуйц бүтээн байгуулалтыг цогцоор нь хийсэн байна.  Нийслэлийн Засаг дарга Вөнсан хотын дарга Ри Меонг Хван,  Вөнсан хотын аялал жуучлалынн тусгай бүсийн захирал Чо Ёонг Док нартай уулзах үеэрээ Аялал жуучлалын бүс нутаг болгон хөгжүүлж байгаа энэхүү хот руу Улаанбаатар хотоос шууд нислэгтэй болох, Вөнсан хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулахыг хүслээ. Вөнсан -Улаанбаатар хотуудын хооронд шууд нислэгтэй болсноор Улаанбаатараар дамжин Азийн олон орны жуулчид Вөнсан хотын аялал жуучлалын бүс нутаг руу зорчих боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш