logo
Н.Ану: Арай амжилттай яваа хэдийгээ л элдвээр хэлээд, хүмүүстэй холбоод эхэлдэг

Н.Ану: Арай амжилттай яваа хэдийгээ л элдвээр хэлээд, хүмүүстэй холбоод эхэлдэг

2015/11/26

Гоо сайхны олимп гэгддэг хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл болсон 65 дахь удаагийн “Дэлхийн миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар тодорсон мисс Н.Ануг энэ удаагийн редакцийн зочноор урилаа.

Miss World тэмцээн ирэх 12 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Санъя арал дээр болох бөгөөд манай улс “Дэлхийн миссийн тэмцээн”-д 11 дэх жилдээ оролцох гэж байгаа юм.
 

-Би хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүсдэг-

-Тэмцээний өмнө зохион байгуулсан сайн дурын үйлс тань нэлээн онцлогтой байсан. Уруулаараа зурсан зургийн үзэсгэлэнгийнхээ талаар яриач?

-Хүүхдүүдэд туслах зорилгоор Монголд анх удаа үнсэлтээр зурсан үзэсгэлэн гаргаж байсан. Би анх 2013 онд “Монголын мисс” тэмцээнд орох үеэрээ энэ үзүүлбэрийг үзүүлж байсан. Түүнээс хойш олон улсын тэмцээнүүдэд ч гэсэн энэ үзүүлбэрээ үзүүлж өндөр оноо авч байсан.

Би график дизайны мэргэжилтэй. Ийм мэргэжлийн хүмүүс ер нь зураг зурах авьяастай байх ёстой. Нэг, хоёрдугаар курстээ хар зураг болоод уран зураг сонирхож зурдаг байсан.

-Үнсэлтээр зураг зурах санааг анх яаж бодож олсон бэ?

-Анх миссийн тэмцээнд зориулж энэ үзүүлбэрийг бодож олсон. Миний авьяас зураг зурах юм чинь үүнийгээ хүмүүст хэрхэн сонирхолтой байдлаар хүргэх вэ гэж бодож эхэлсэн л дээ. Тэгээд эмэгтэй хүн уруулаа будсан үедээ илүү гоё өнгөлөг харагддаг, уруулын будаг бол эмэгтэй хүний зэвсэг гэдэг утгаар нь үнсэлтээрээ зураг зурж эхэлсэн. Анх Мерлин Монрогийн дүрсийг зурсан.

-Танд үнсэлтээр зурсан хэдэн бүтээл байгаа вэ?

-Анх 2013 оноос зурж эхэлсэн. Тэмцээний үеэр зурсан зургуудаа хүмүүст бэлэглэчихдэг болохоор надад фонд гэж байхгүй. Харин тэмцээндээ түрүүлсний дараагаас үзэсгэлэндээ зориулж 20 зураг зурсан.  

-Үнсэлтээрээ зураг зурна гэхээр уруулын будаг их олон ордог байх?  

-Их олон өнгийн уруулын будаг шаардагддаг. Мэдээж улаан, ягаан өнгийн будгийг их ашигладаг. Содон байх үүднээс хар, хөх, цагаан зэрэг өнгийг бас ашигладаг.

-Таны бүтээл дунд хөрөг зураг зонхилдог уу?

-Ихэвчлэн хөрөг зургууд бий. Олон улсын болоод Монголынхоо алдартай нийгмийн зүтгэлтэн, сайн үйлсийн аянд зүтгэгчдийг илүү зурсан. Би хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүсдэг. Миний дотоод сэтгэлийн илэрхийлэл болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлийн хар, цагаан зураг бас нэлээд бий.  

-Та өөрийнхөө даашинзыг зараад Э.Эрдэнэбулган охинд тусалж байсан?  

-Анх тэр охины талаарх мэдээллийг би нэг сайтаас уншиж байсан. Надтай чацуу, ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Би бас ээжтэйгээ цуг өссөн. Тэгээд энэ охинд туслая гэж бодоод тэмцээндээ анх өмсөж байсан даашинзаа сошиал медиагаар дуудлага худалдаагаар зараад хэрэгтэй байсан аппаратыг нь худалдаж авч өгсөн. Очоод аппаратаа бэлэглэх үед үнэхээр сайхан байсан. Ээж нь хүртэл баярлаад л. Э.Эрдэнэбулганд цаашид ч гэсэн туслахыг хүсч байгаа.

-Манай миссүүд олон улсын тэмцээнд орохдоо сайн үйлсийн аян хийх дээрээ оноо алдаад байх шиг харагддаг юм. Ер нь олон улсын миссийн тэмцээнд ороход сайн үйлсийн аян хэдийг зохион байгуулсан байх ёстой байдаг юм бол?

-Маш оновчтой, үр дүнгээ өгсөн нэг төсөл хэрэгжүүлсэн байх ёстой. Миний хувьд “Монголын мисс” тэмцээнд орохдоо л үнсэлтээрээ зураг зурах төслөө хийж эхэлсэн. Мөн хүмүүст танилцуулаагүй өөр олон ажил бий.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш