logo
Х.Эрдэнэчулуун: Төвийн бүсийн 280 мянга гаруй өрх эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Х.Эрдэнэчулуун: Төвийн бүсийн 280 мянга гаруй өрх эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

2015/11/27

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нартай уулзаж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж чадсанд баяр хүргээд, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болгосон. Тиймээс энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуунаас тодруулга авлаа.

-Олон жил алдагдалтай ажилласан эрчим хүчний салбар энэ онд алдагдлаа тэглэж байгаа. Хуримтлагдсан алдагдлын талаар мэдээлэл өгч болох уу?
-Эрчим хүчний салбар 2015 оныг “Хэмнэлтийн жил” болгон зарлаж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын үр ашгийг дээшлүүлж, өртөг зардлыг бууруулах хамтарсан ажлын хэсэг гарган, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хяналт тавьж ажилласан. Үүнээс гадна үнэ тарифын зохистой зохицуулалт, менежментийн зөв арга барилыг хэрэгжүүлж чадсаны үр дүнд олон жилийн турш хуримтлагдсан алдагдлыг тодорхой хэмжээгээр бууруулаад байгаа. Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээгээ 0.6 нэгжээр, төвийн бүсийн эрчим хүчний дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулсан. Мөн энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар эрчим хүчний салбарын зардлын өсөлт 9.4 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар буураад байгаа үзүүлэлт юм.

-Эрчим хүчний үнэ тарифын талаар ярихаар энэ салбарын алдагдалтай холбоотой асуудал зайлшгүй сөхөгдөж гардаг. Тэгвэл энэ удаа гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх боломжтой гэж үзэж болох уу?
-Салбар их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх боломжгүй байдаг. Харин 2015 оны эхний гурван улирлын байдлаар эрчим хүчний салбарын алдагдал буурч байгаа учраас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх боломжийг урьдчилсан байдлаар тооцоод байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулахаас гадна, шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж эрчим хүчний систем технологи ажиллагааны хувьд үр ашигтай ажиллахад эерэг нөлөөлөл үзүүлэх үр дүнг бас харгалзан үзэж байгааг тодруулах хэрэгтэй.Үүнээс гадна хэрэглэгчдэд ч ээлтэй шийдвэр гарна. Энэ асуудлыг хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар ойрын хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэнэ.

-Энэ хөнгөлөлтөд нийт хичнээн айл өрх хамрагдах боломжтой вэ?
-Өнөөдөр гэр хорооллын иргэд шөнийн цагаар хэрэглэсэн нэг кВт цаг цахилгааныхаа төлбөрт 77.10 төгрөг төлж байгаа. Хэрвээ энэ шийдвэр гарвал 50 хувийн хөнгөлттэй үнэ буюу 38.55 төгрөгөөр эрчим хүч хэрэглэх боломжтой болох юм. Урьдчилсан тооцоогоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын 280 гаруй мянган айл өрх хамрагдаж, хүйтний улиралд буюу энэ оны 12 сар, ирэх оны 1,2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болно. Энэ шийдвэр гарснаар хэрэглэгчдийн халаасанд нийт 5.2 тэрбум үлдэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш