"Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэж Монголчууд хэлдэг. Улс төрчид нам фракциараа талцан манай танай гэж маргалдаж, улс орны хөгжил "зогсож”, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед иргэдэд санхүүгийн хямрал бодитой нүүрлээд байна. Төрийн байгууллагууд төсвөө хэмнэж, цалингаас бусад элдэв зардлаа танаж байгаа бол хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалингаа тавьж чадахаа больж, худалдаа наймаа зогсож, ард түмний амьжиргаа улам бүр дордсоор байна.
Ийм цаг үед мөнгө олох хялбархан аргыг бүрэн дунд сургуулиудын захирлуудтай хуйвалдан зарим нэг овжин "эрхэмүүд” хэрэгжүүлэхээр зорьж байгаад эцэг эхчүүд, багш нар дургүйцлээ илэрхийлж бидэнд хандлаа.
Хэрэгжүүлэх ч гэж дээ үнэндээ сургуулийн захирал, ангийн багш нарын "албадлага”-аар сурагчдыг нэмэлт сургалтанд заавал төлбөр төлж суралц гэсэн тулгасан гэнэ.
"Өсвөр үеийнхний дээдэлж мөрдөх 7 дадал” номын орчуулагч, "Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Сайнбаяр гэх залуу Баянзүрх дүүргийн 84-р дунд сургуулийн захирал С.Мартатай хуйвалдан тус сургуулийн 1-12 ангийн 4000 гаруй сурагчдад жилд 300.0 мянган төгрөгийн төлбөртэй "Манлайлах урлаг”-ийн сургалтыг дээрх номыг зохиогч Б.Сайнбаярын хамтаар хэрэгжүүлэхээр болж, эцэг эхчүүдийн хурлыг зарлуулан "сурагч бүр үүнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ангийн багш нараар гуйх, албадах хоёрын дундуур хэлүүлжээ.
Үүнийг сонссон эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлж, "бид чинь хувийн сургуульд сургаагүй биз дээ, улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүүхдүүдийнхээ өвлийн гутал хувцасыг нь бүрэн авч өгч чадаагүй байхад, жилд 300 мянгөн төгрөгийн төлбөртэй сургалтанд явуулна гэж юу гэсэн үг вэ” хэмээн бухимдсан байна. Гэтэл маргааш нь ангийн багш нар сурагчдыг дахин ятгаж "та нарт олдохгүй боломж гарч байна, эцэг эхчүүдээ сайн ятга, Манлайлагч болох боломжийг олгох гэж байгаа энэ сургалтанд заавал хамрагдах хэрэгтэй” гэж хүчилсэн байна.
Дашрамд хэлэхэд сурагч багачуудыг сургахаар зориод байгаа "Өсвөр үеийнхний дээдэлж мөрдөх 7 дадал”, "Бяцхан манлайлагч” зэрэг ном нь хэтэрхий барууны соёл уламжлалыг шүтсэн, тэдний боловсрол, манлайлал, хүмүүжлийг хамгийн сайн шилдэг нь гэж "тунхагласан” шинжтэй байдаг ажээ.
Угтаа бол Манлайлагч болно гэдэг хүн бүрийн хүсэл зоргоор, эсвэл жилд 300 мянгөн төгрөгийн төлбөртэй сургалтанд хамрагдаад болчихдог юм биш гэдгийг 84-р сургуулийн захирал С.Марта эрх биш гадарлаж баймаарсандаа. Бүх хүн цагаан захтай, цамаан зантай манлайлагч сэтэртэй дарга даамал болчих юм бол хэн нийгмийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах вэ? Хэн багш, инженер, эмчээр ажиллах вэ?
Хамгийн сонирхолтой нь 84-р сургуульд энэ намар 1-р ангид элсэн суралцаж буй эгшигт 7 үсгээ үзээд, одоо гийгүүлэгч үсгээ үзэж байгаа балчир хүүхдүүдэд "Бяцхан манлайлагч” сургалтыг мөн л жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэйгээр явуулна гэсэн байна. Уншиж бичиж сураагүй, хувцасаа ч өөрөө өмсөж чадахгүй 6 настай багачуудад "Манлайлах урлаг” заана гэж юу байх вэ С.Марта захирлаа.
/1-р ангийн сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулсан материал/
Мөн сурагчдын дээр нь энэхүү сургалтыг явуулахдаа ангийн багш нарыг нь "Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн, орчуулагч Б.Сайнбаярын хичээлд суулгаж суралцуулаад, дараа нь тэд нар нь анги бүрдээ "Манлайлах урлаг”-ийг заах юм гэнэ. Ийм эрүүл бус зүйлээ хэрэгжүүлэхээр итгэл төгс улайрахын цаана юу нуугдана вэ?
Та бид хамтдаа бяцхан тоо бодоод үзье.
84-р сургуулийн хувьд нэг анги дунджаар 50, нийт 84 бүлгийн 4200 гаруй сурагчтай. Тэгвэл нэг ангийн сурагчид бүгд "Манлайлах урлаг”-ийн сургалтанд хамрагдана гэж бодвол жилдээ 300.000 төг*50 сурагч= 15.000.000 төгрөг, нийт сурагчдын тоогоор үржүүлж үзвэл 1.260.000.000 /нэг тэрбум, хоёр зуун жаран сая/ төгрөг болж байгаа юм. Ийм их хэмжээний мөнгийг заавал эцэг эхчүүдээр гаргуулан, сурагч бүрийг ангийн багш нараар "Манлайлах урлаг”-ийн сургалтыг заалгаж, хүүхэд бүрийг Манлайлагч болгоно хэмээн агуу ихийн дэмийрэлд өртсөн 84-р сургуулийн захирал С.Мартыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй.
Нийтлэлийн эхэнд "дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэсэн нь учиртай. Захын нэг бүрэн дунд сургуулийн захирал бусадтай хуйвалдан сургуулийнхаа багш нараар сурагч, эцэг эхчүүдийг "дарамтлуулан” хүүхдээ жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэй сургалтанд "хүчээр” хамруулахыг албадаж байхад дүүрэг нийслэлийн боловсролын болон мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд таг чимээгүй байх нь юуны учир вэ?
Өнгөрсөн намар БСШУ-ны сайд Л.Гантөмөр улс орон даяар төрийн өмчийн сургууль цэцэрлэг ямар нэг хэлбэрээр төлбөр хураамж авахыг хориглосон тушаал гаргасаар атал салбарын сайдынхаа тушаалыг зөрчиж байгаа мэт С.Марта захирал өөрийн удирддаг 84-р сургууль дээрээ төлбөртэй сургалтыг "албадан” шахуу зохион байгуулж байгаагийн цаад шалтгаан нь юу вэ?
Магадгүй 84-р сургуулийн захирал энэ сургалтыг санаачлан хэрэгжүүлэхийг зориогүй гэвэл түүний цаана Баянзүрх дүүрэг, нийслэл, яамны зүгээс буюу "бүр дээрээс” хэрэгжүүлэхийг үүрэгдсэн байж болохыг үгүйсгэх аргагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй биз ээ.
А.Тамир