logo
С.Баярцогт даам гарч Ц.Нямдорж шалдаа буулаа

С.Баярцогт даам гарч Ц.Нямдорж шалдаа буулаа

2011/10/12
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар харьяа байгууллагуудын төсөвт тодотгол оруулах тухай хэлэлцлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Дотоод хэргийн дээд сургуулийг бэхжүүлэх шаардлагатай талаар хэлж байв. Уг сургуульд дулааны шугам тавих хөрөнгө хэрэгтэй байгаа аж. Мөн ирэх жил ашиглалтад орох хичээлийн байранд гурван тэрбум төгрөг шаардлагатай байгааг дуулгав. Энэ сацуу “Дотоод хэргийн дээд сургуулийн талаар хэрэгтэй хэрэггүй хов жив, захиалгат яриа их гарч байна. Дотоодын цэргийн 7-8 төрлийн боловсон хүчнийг энэ сургуулиар бэлтгэнэ. Тиймээс чухал сургууль” гэв. Харин Байнгын хорооны дарга Д.Одбаяр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн барилгын хөрөнгө оруулалтын дутуу болох 170 сая төгрөгийг Сангийн яам авч үзсэн эсэхийг тодруулахыг хүссэнээр Сангийн сайд С.Баярцогтыг даам гарах боломжийг бүрдүүлж орхив. Хуульзүйн сайд Ц.Нямдорж Д.Одбаярын асуултыг өлгөн авч, “Сангийн яам үүнийг сайн мэдэхгүй байх” гээд “Хүрээлэнгийн барилгын ажлын зураг, төсөлд тусгаагүй 100 гаруй сая төгрөгийн зөрүү гарсан. Барьсан компани нь хохиролтой үлдсэн. Сангийн яаманд танилцуулахаар “Зураг төсөвт тусгаагүй нэмэлт зардал гаргасан байна” гэдэг. Сангийн яам дахин хянаж үзээд зохицуулалт хийх хэрэгтэй байгаа юм. Эвээр шийдэх, шүүхдэх гэсэн хоёр арга зам байна. Аль болох эвээр шийдмээр байна” гэсэн тайлбар хэлжээ. Харин Сангийн сайд С.Баярцогт “2010 оны төсөв дууссан. Төсвийн хуулиар зохицуулах аргагүй. 2010 оны төсөвт тодотгол хийж болох байсан. Одоо 2012 оны төсвийн тодотгол ярьж байна шүү дээ. Шүүхэд хандаж зохицуулаад ав даа” гэсэн хариулт хэлж сайдын амыг таглав. Мэдээж Ц.Нямдорж сайд “эвээр зохицуулаад өгөөч дээ” өрөвдөл эрсэн харц чулуудсан ч тусыг эс олсон гэнэ. Тиймээс Хуульзүйн сайд барилга байшингийн асуудлаар шүүхийн хаалга татах нь ч тодорхой боллоо.  
Д.Цэцэглэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш