logo
УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллав

УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллав

2015/12/07
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажиллав. 
 
УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт хүрэлцэн ирлээ
Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Чимэд, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг, албаны бусад хүмүүс болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хүндэт харуул Улсын Их Хурлын даргыг угтан авлаа. /дэлгэрэнгүй/
Увс аймагт хэрэгжсэн "Гудамж" төслийн бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд оролцов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Увс аймагт хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцож, үг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот, аймгуудын төвийн авто замын нөхцлийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Увс аймгийн Улаангом хотод 10.5 км авто зам, 2.1 км найман тойрог, 14.5 км явган зам, 2.1 км  дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, гэрлэн дохио, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламж бүхий  авто замын ажлыг гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ. 
Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, 2013 оноос “Гудамж" төслийг Улаанбаатар хот болон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн болохыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов. /дэлгэрэнгүй/
 
З.Энхболд:Баруун бүс нутгийн шатахууны үнийг бууруулах нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ





Алслагдсан бүс нутгуудын шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор Засгийн газар 2015 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан. Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр дээрх арга хэмжээний хэрэгжүүлэлт эхэлсэн юм. Улсын Их Хурлаас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ нь баруун бүс нутгийн иргэдийн амьжиргаанд бодит үр нөлөө үзүүлэхүйц, эдийн засгийн дэмжлэг болсныг талаар Улаангом сумын иргэд хэлж байлаа. /дэлгэрэнгүй/
 
Орон нутгийн томилолтынхоо төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнг тайлагнах арга хэмжээнд оролцож, увсчуудад Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж, төрөлх Увс нутгаа, Монгол эх орноо хамтдаа хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг уриалсан юм. 
Увс аймагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс ажиллав  хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш