Монгол инженерүүдийн угсарч үйлдвэрлэсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T автобуснууд өчигдөрхөн иргэдийн үйлчилгээнд гарж өнөөдрөөс шугамд явж эхэлсэн байна. Хорт утаа ялгаруулдаггүй, цонх нь цантахгүй гэж олонд ам сайтаа байгаа автобусны талаар олон талт хэлэцүүлэг ундарсаар. Монгол инженерүүдийн угсарсан бүтээлийг ард түмэн дүгнэхдээ "Овоо доо. Одоо л нэг нэмүү өртөг шингээж ажлын байр бий болгох Аж үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдаж байна" хэмээн ам сайтай ярьж, инженерүүд нь сэтгэл өөдрөг угтсан. Гэтэл. сайны хажуугаар саар зүйл гардагын адил салбарын сайд нь "Солонгосоос 300 автобус худалдаж" авна гэсэн мэдээллийг өөрийн албан ёсны хуудсаар мэдээллэж байгаа нь олонд хүрчээ. Үүнийг сонссон монголын инженерүүд "Монгол инженерүүдийн итгэл найдвар луу ус цацлаа. Салбартаа 20 гаруй жил Монголд машинт үйлдвэрлэл хөгжүүлэх гэж хүйтэнд хөрж халуунд хагсаж хөлсөө урсгаж хөл дээр нь босгох гэж буй салбарыг 7 сарын сайд дор нь газраар мөлхүүлэх шийдвэр гаргалаа" гэсэн яриаг гаргаад авч. Сонссон сайд яаж зүгээр байхав өөрийн хуудсаар дамжуулан " Монголд хямд зээл олдохгүй. Хот хооронд зорчигч тээврийн компаниудад жилдээ 2.5% хүүтэй 5 жилийн зээлээр олгох боломжтой" гэжээ. Ийнхүү иргэдийн анхаарлыг татсан хоёр ухаантны бие биендээ цэцэрхэх үгс нь биелээ хэзээ олох вэ? Бусдын анхаарлыг татах гэж хий хоосон хэнхэглэл үү, хийж бүтээх гэж ухаанаа уралдуулж яваа хүмүүс үү гэдгээ эртхэн шийдвэл зохино. Аль эсвэл шийдвэрт хүрэх асуудлын талаар инженер Д.Жаргалсайхан, сайд М.Зоригт нар халз мэтгэлцэх үү?