logo
УИХ-ын дарга З.Энхболд “Хөдөлмөр-хөгжлийн үндэс”  үндэсний чуулганд оролцогчдод илгээлт ирүүлэв

УИХ-ын дарга З.Энхболд “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” үндэсний чуулганд оролцогчдод илгээлт ирүүлэв

2015/12/11

Өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд чуулж байгаа “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” чуулганд оролцогчдод УИХ-ын дарга З.Энхболд илгээлт ирүүлжээ.

Илгээлтэд, "Хүн төрөлхтний хөгжлийн үндсэн хүчин зүйл  болсон хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хуран чуулж буй “Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулганд оролцогчдод Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулан боловсронгуй болгох асуудал нь Монгол Улсын Их Хурлын анхаарлын төвд байсаар ирсэн. Бид “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай”, “Эдийн засгийн ил тод байдлын тухай”, “Өршөөлийн тухай”  хуулийг шинээр батлан гаргаж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай”,  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Одоо Улсын Их Хурлаар “Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталснаар  хөдөлмөрийн зах зээлийн үндсэн зарчимд нийцсэн шинэ орчин бүрдэнэ.

Улсын Их Хурал экспортын чиг баримжаа бүхий түүхий эдийг хагас болон бүрэн боловсруулах аж үйлдвэрийн хөгжилд суурилсан, эрчимжсэн эдийн засгийг хөгжүүлэх шинэ эрх зүйн орчныг бүрдүүллээ. Төсөв, татвар, гаалийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Сум хөгжүүлэх болон боловсролын сангуудаар дамжуулан ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргаж, ажил эрхлэх хүсэлтэй иргэд, ажлын байраа нэмэгдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Ойрын ирээдүйд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ. Эдгээр төсөл хөтөлбөр, тэдгээрийг  дагалдах жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр Монгол Улсад ажил хөдөлмөрийн орлого өсөн нэмэгдэнэ.

Өнөөдөр Монголын жижиг дунд аж ахуй нэгжүүд манай ажил эрхлэлтийг нуруун дээрээ үүрч яваа гэдгийг бид анхаарах ёстой. Тиймээс эдгээр  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг зохион байгуулах ялангуяа тэдний нөхөрлөл, хоршоо байгуулах санаачилгыг бүх талаар дэмжих нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх  чухал бодлого мөн.

Хөдөлмөрийн зах зээлийн тоо баримтад үндэслэн олон талын оролцоотой бодлого боловсруулахад чиглэсэн санал гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэхийг Та бүхнээс хүсч байна.  

“Хөдөлмөр хөгжлийн үндэс” чуулганд оролцогсод болон Монголын нийт бүтээн байгуулагчиддаа сайн сайхныг хүсч, шинэ ондоо улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе." гэжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш