logo
ЦЕГ-аас цахим гэмт хэргийн талаар сэрэмжлүүлж байна

ЦЕГ-аас цахим гэмт хэргийн талаар сэрэмжлүүлж байна

2015/12/17

Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжихийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрийн иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж байгаа билээ. Гэвч сайн зүйлийн хажуугаар саар үр дагавар байдгийн жишгээр манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж байна. 

Жишээ нь, мэргэшсэн цахим гэмт хэрэгтнүүд нь хуурамч онлайн дэлгүүр нээж, амласан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нь шилжүүлэн аваад холбоо харилцаагүй болдог тул Та бүхнийг аливаа худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх, төлбөр тооцоо хийх, мөнгөө шилжүүлэхдээ тухайн компанийн гэрчилгээ, лиценз, холбогдох баримт бичгийг сайтар нягтлан шалгаж шаардлагатай бол холбогдох байгууллагаас сайтар асууж тодруулж байхыг хүсч байна. 

Мөн гуравдагч орнуудаас болон олон улсын байгууллагуудаас манай иргэдэд хаягласан гэх илгээмж зарим улс оронд дипломат шуудангаар ирж саатсан тул гаалийн торгууль, илгээмжийн терроризмын аюулгүйг тогтоох дүн шилжилгээний төлбөр нэхэмжлэх, тухайн иргэдийн танил хүмүүсийн нэрийн өмнөөс холбоо барих, хүнд байдалд орсон тул санхүүгийн тусламж ирүүлэхийг хүсэх зэргээр хувь хүний нэр дээр Western Union, Money Gram үйлчилгээгээр дамжуулан яаралтай мөнгө шилжүүлэхийг шаардах зэрэг луйвар залилангийн тохиолдлууд их гарч байна. 

Иймд манай орны иргэд гадаадын үл таних хүмүүстэй чат, и-мэйлээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс анхааруулж байгаа аж. 

Мөн аливаа дарамт шахалт, сүрдүүлгээр төлбөрийн баримт, баталгаагүй амлалтанд хууртан өөрийн мөнгийг гадаадын хүнд шилжүүлж, цахим гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсахаас сэргийлж, онлайн дэлгүүр, зар сурталчилгаа болон бусад хуурамч цахим хаягны цаана байгаа аливаа этгээдтэй харилцахдаа хянуур, болгоомжтой байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Д.Мөрөн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш