Дэлхийд данстай уран бүтээлч маань эх орондоо тайлан тоглолтоо хийхээр ирээд байгаа билээ. Тэр эрхэм бол дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний Гранпри шагналыг хүртсэн дуурийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар юм. Тэрээр энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд 18:30 цагт “Монгол сонгодог-2” концертоо тоглон монголчууддаа уран бүтээлээ тайлагнахаар хэдийнээ бэлтгэлээ базаажээ. Дэлхий түүний дуу хоолойг чих тавин чагнадаг. Тэгвэл монголчууд ч гэсэн дэлхийд данстай хүүгээ дэргэдээс нь тольдох ховор боломж ийнхүү тохиож байна.
Тэрээр “Монголдоо ямар ч байсан бие даасан тоглолт хийх ёстой, ард түмэндээ уран бүтээлээ тайлагнах ёстой гэсээр ийнхүү зорин ирсэн аж. Тэр ч утгаараа Монгол сонгодог тоглолтоо толилуулахаар ирлээ. Монгол сайхан сонгодогуудаа дуулах болно. Дээр нь дэлхийн сонгодогуудаа дуулна. П.И.Чайковский, Эдвард Грег зэрэг суутнуудын бүтээлүүдээс түүвэрлэн оруулж байгаа. Тэгээд мэдээж Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари дуулагдана. Ер нь түлхүү Монгол сонгодог бүтээлээ оруулж байгаа. Нэрнээсээ эхлээд л Монгол сонгодгоо толилуулахаар зэхсэн учраас энэ сайхан дуунуудаа мэдээсэй сайхан дуулагдаасай. Монголын ард түмэн чинь сонгодогтой шүү гэдгийг харуулна” хэмээн тоглолтынхоо талаар ярьсан юм.
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өдгөө Улаан-Үдийн театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд ирэх нэгдүгээр сарын 1-нд алдарт Мириинскийн театрын гоцлол дуучнаар ажиллах гэрээг үзэглэх юм. Мөн тэрээр он гараад БНСУ, БНХАУ, АНУ-д хийх аялан тоглолтууд нь хэдийнээ товлогдон хүлээж байгаа аж.