Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэдэг. Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд баталснаар улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна хэмээн хуулийн төсөл санаачлагч үзжээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд улс төрийн намын нийгэм, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх чиг үүргийг илүү өргөн хүрээнд томъёолсон байна. Хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилт, гишүүдийн татвар, хандивыг ил тод болгох, түүнд тавих хяналтыг сайжруулж шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх зэрэг асуудлыг илүү цэгцтэй болгож нарийвчлан тусгаж өгчээ.
Ийнхүү улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар Монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжрах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна