logo
“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг баталлаа

“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг баталлаа

2016/01/05

Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн зорилгыг “Хилийн чанадад буй монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байна.

Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах,  иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан байна. Мөн энэхүү хөтөлбөр Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэх юм.

Мөн хуралдаанаас “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталлаа.  Монгол Улсын гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэх гадаад сурталчилгааны чиглэлийг тодорхойлох, нэгдсэн зохицуулалттай, харилцан уялдаатай сурталчилгааны цогц механизмыг бий болгох, гадаад сурталчилгаа, соёлын харилцаагаар дамжуулан хоёр болон олон талын талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.

Монгол Улс аюулгүй байдлаа баталгаажуулах, өөрийн улсын язгуур эрх ашгийг хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх гадаад бодлогын зорилтоо зөөлөн хүчний (soft power) зарчмаар хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгч байна. Зөөлөн хүч нь цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчээр давамгайлан шийдвэр гаргуулдаг хүчний тэнцвэр (balance of power)-ийн олон улсын харилцаанаас үндсээрээ ялгаатай бөгөөд тухайн улсын ард түмэн, тэдний үзэл бодолд өөрийн улсын талаар зөв мэдээллийг хүргэх гадаад сурталчилгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш