Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.08.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 46 минутад эхэлж, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан юм.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Я.Содбаатар, С.Одонтуяа нар үг хэлж хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд их, дээд сургуулийг хөтөлбөрөөр нь шахаж байгаа ч гэлээ инженер, эдийн засагч, эмч гээд бүх мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их сургууль хүртэл байгаа тул их, дээд сургуулийн тоог нь цөөрүүлэх, нэгтгэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчин, чадварлаг багш мэргэжилтнүүдээр хангахад анхаарах, малчдын хүүхдийг 6-8 насанд нь сургуульд элсүүлдэг байх уян хатан тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн орон нутагт эрх олгох замаар малчдын хүүхдүүдийн амралтыг мал төллөх үеэр олгодог байх нь зүйтэй юм гэдгийг хэлж байв. Мөн боловсролын хууль эрх зүйн орчин, бодлого нь тогтвортой байхад анхаарах, боловсрол нь ашгийн төлөө байх ёсгүй, хүний хөгжил рүү чиглэсэн төсвийг хасдаггүй байх, залуучуудаа төлөвшүүлж хүмүүжүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох үүднээс амьдрах ухааны чиглэлээр дагнасан дээд сургууль байгуулах, түүнчлэн төрийн өмчийн бус их, дээд сургуулиуд энэ чиглэлээр мэргэжил олговол төрөөс хувьсах зардал олгодог байх, мөн төрийн байгууллагуудын байрыг цөөлөх, нэгтгэх замаар боловсролын салбарын барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэйг хэллээ.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хуульд нийцүүлэх үүднээс уг тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзээд уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хассан юм. Учир нь энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар урт хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгээс бусад төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар баталж байхаар зохицуулжээ.