logo
ШӨХТГ-ын хамт олон шинэ бодлого, шинэ зарчмаар ажиллаж эхэллээ

ШӨХТГ-ын хамт олон шинэ бодлого, шинэ зарчмаар ажиллаж эхэллээ

2016/01/11

ШӨХТГ-ын  даргаар  шинэ залуу хүн томилогдсонтой холбоотойгоор хэвлэл мэдээлэл, сошл орчинд багагүй шуугиан гарах болсон. Засгийн газрын эл агентлаг бол Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага  юм. Ийм байгууллагын удирдлагаар өмнө нь О.Магнай, Т.Аюурсайхан нарын  эрч хүчтэй залуучууд ажиллаж байсан. Энэ удаад МАХН-аас Д.Мөнхтөр томилогдон очсон байна.  Д.Мөнхтөр залуу хүний хувьд  улстөр, бизнесийн салбарт  хүчээ сорьж байсан нэгэн ажээ.

Иргэд олон нийтийн эрх ашигт ойр байдаг гэдэг утгаараа ШӨХТГ-ын даргын асуудал олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.  ШӨХТГ-ын  Д.Мөнхтөрийг   өмнөх дарга нарын нэг адил иргэдээ гэсэн итгэл үнэмшилд суурилан,  хууль зөрчсөн  аж ахуйн нэгжүүдийн  бусармаг үйлдлүүдтэй   үргэлжлүүлэн эрч хүчтэйгээр  тэмцэж чадах болов уу гэсэн асуулт  хэн бүхний анхаарлыг татаж байгаа бизээ.

Энэ асуултанд хариулт авах зорилго өвөрлөн өнгөрсөн баасан гарагийн өглөө ШӨХТГ-ын  шинэхэн даргатай уулзахаар очсон боловч Д.Мөнхтөр дарга Засгийн газрын хуралдаанд оролцохоор Төрийн ордон руу явсан байлаа.

Нэгэнт ШӨХТГ-ыг зорьж очсон юм хойно тус агентлагийн зарим ажилчидтай уулзаж багахан тодруулга авлаа. Тус байгууллагын мэргэжилтэн А.Номин хүсэлтийг маань  уриалгахан хүлээн авч шинэ даргынхаа талаар бидэнд мэдээлэл өглөө.

Д.Мөнхтөр дарга ажлаа аваад удаагүй ч гэлээ ажилчдынхаа саналд үндэслэн бүтэц зохион байгуулалтын  болон үйл ажиллагааг сайжруулах  чиглэлд  зайлшгүй шаардлагатай  өөрчлөлтийг хийж эхлэсэн юм байна. Тэрбээр агентлагийн бодлогын  хэрэгжилтийг  эрчимжүүлэх зорилгоор  зах зээлийн судалгаа явуулах, гадаадын төсөл хөтөлбөрүүд, соён гэгээрүүлэх асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болсон гэнэ.

Мөн өмнөх жилүүдэд тус газрын  бодлогын  хэрэгжилтийг хянах зохицуулалт  буруу байснаас үүдэлтэй үүссэн олон арван өргөдөл гомдлыг шийдвэрлэх, аливаа асуудлыг хэрэгжүүлэхдээ судалгаа тооцоон дээр үндэслэн явуулах, агентлагийн хүрээнд хууль сурталчлах,  аж ахуйн нэгжүүдийг хууль зөрчсөн хойно торгох, албадах тухай биш хууль зөрчихөөс өмнө хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхааран ажиллаж соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэн  хилийн чанад дах  улс орнуудын адил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах гэх зэрэг олон асуудлыг шинэ даргын “нүдээр” олж харан хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

Дээр нь ажилчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч  ажлын үр дүн муутай, сул  орон тоог цөөлж, үндсэн ажилчидынхаа  дунд халаа сэлгээ хийлгүйгээр өөр хооронд нь шилжүүлэн томилсон нь мэргэжилтнүүдийн талархалыг хүлээгээд байгааг   дурьдлаа.

Д.Мөнхтөр дарга залуу хүний хувьд өглөө  08:00 цагт  ажилдаа эртлэн ирж,  ажилчидынхаа  сахилга бат, цаг ашиглалт, өрөө тасалгааны зохион байгуулалт, өнгө үзэмжинд хүртэл анхаарч, өөрчлөлт хийн ШӨХТГ-д шинэ  гэрэл гэгээ нэмсэн байна. Шинэ даргын түргэн  шуурхай, үлгэр жишээ  дээрх байдал нь  тус байгууллагын дотоод ажилчидын урмыг сэргээсэн төдийгүй 2016 ондоо ажиллах эрч хүч нэмсэн хэрэг болжээ.

Д.Мөнхтөр даргын ажилчиддаа хандаж хэлэхдээ: “Өмнөх дарга нарны хувьд  юуны өмнө ШӨХТГ-ын дарга хэн байх тухай асуудал яригдаад, дараа нь газрын тухай асуудал хөндөгддөг байсан бол миний хувьд агентлагын буюу  төрийн ажил нэгдүгээрт, даргын эрх үүрэг хоёрдугаарт тавигдах болно” гэж хэлсэн  гэлээ.

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр тус агентлагийн орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдээрээ энэ салбарын эрдэмтэн судлаачдыг урьж  томилохыг эрмэлзэж байгаа гэдгийг тус газрын мэргэжилтэн бидэнд дуулгалаа.

Ямартай  ч ШӨХТГ-ын шинэ дарга залуу хүний эрч хүчээр дүүрэн 2016 оныг эхлүүлж байгаа юм байна. 2016 оныг Засгийн газраас  “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбоотойгоор энэ байгууллагын шинэ дарга, хамт олны өмнө  хэрэглэгчдэд хандсан менежментийн шинэ  чиг хандлагыг хэрэгжүүлж ажиллах үүрэг ноогдож байна. Залуу, эрч хүчээр дүүрэн даргатай ШӨТХГ-ын хамт олонд амжилт хүсье.

Б.Нарангэрэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш