logo
Д.Цогтбаатар: Зээлийн хүүг бууруулсан бол хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй

Д.Цогтбаатар: Зээлийн хүүг бууруулсан бол хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй

2016/01/15

Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрх баригч намынхан "Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулна" гэдгээ сүр дуулиантай мэдэгдлээ. Барилгын салбарыг удирдаж явсан хүний хувьд үүнийг та хэр хөрсөнд буусан шийдвэр гэж үзэж байна вэ?

-Ипотекийн зээлийг олон хүнд хүргэхийн тулд хүүг бууруулах асуудал байж болно. Монгол Ардын нам өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан "Бид хамтдаа" үндэсний форумын үеэр гаргасан тунхаг бичигтээ ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн зорилт тавьсан. Ингэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулж, тооцоо судалгаатайгаар эдийн засаг тогтворжоод ирэхээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Ер нь эдийн засаг тогтворжоод ирэхэд, бас ипотекийн зээлийн сан аривжаад ирэхээр хүүг бууруулах нь зөв. Одоогийн эдийн засгийн хүндрэлтэй үед аливаа арга хэмжээг харин нарийн тооцоо судалгаатай хянуур авч хэрэгжүүлэх ёстой. Барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэцүү байгаа өнөө үед аливаа улс төржилтгүйгээр зээлийг хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-МАН-ынхан хамтарсан засагт байхдаа орон сууцны зээлийн хүүг бууруулж болоогүй юм уу?

-Биднийг хамтарсан засагт 2014 оны эцсээр орж ирэхэд инфляци хоёр оронтой тоотой байсан. 10 хувиас дээш давчихсан болохоор хүүгийн тухай ярих ямар ч боломж байгаагүй. Их халалттай байгаа эдийн засгийн үед зохиож гаргасан 30 хувийн урьдчилгаатай найман хувийн хүүтэй, 80 метр квадратын хязгаартай зээл чинь иргэдийн амьдралтай авцалдахгүй байна гэдгийг олон нийтэд ойлгуулж өөрчлөхийн төлөө зүтгэсэн. Хүний эрүүл мэндтэй үүнийг зүйрлэвэл даралт өндөртэй хүнтэй халсан эдийг засаг адил. Тэгэхээр 30 хувийн урьдчилгаатай зээл даралтыг нь буулгах эмтэй адил. Харин эдийн засаг хурдтай унаж байхад нөгөө л хөргөх “эм”-ээ хэрэглэвэл даралт нь бууж буй хүнд даралт буулгах эм өгч буйтай адил болно. Тэгэхээр энэ байдлыг өөрчилж, олон түмэнд орон сууцны зээлийг хүртээмжтэй болгох шаардлагатай болсон. Бидэнд байсан боломжит хувилбар нь урьдчилгаа төлбөрийг буулгах байлаа.

Бид чиглэл, бодлогоо зөв гаргаж өгсөн. АН-ынхан манай санаачилж байсантай давхцуулахгүйгээр (магадгүй манайхыг сурталчилах гээд байгаа тул) өөрийн болгож хийгээд тэр нь ард түмэнд ээлтэй тусч байвал хурдан хэрэгжүүлэх л хэрэгтэй. Салбарыг хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд ярьснаа цаг алдахгүй хий л дээ гэмээр байна. Түүнээс биш улстөржүүлээд, болсон болоогүй тайлбар хийж иргэдийн толгойг эргүүлээд байх шаардлагагүй. Өмнө нь 10 хувийн урьдчилгаатай холбоотой үнэнд нийцэхгүй яриа, тайлбарууд явж байсан. Иргэн хүн 10 хувийн урьдчилгаа төлөхөөр цаана нь 90 хувийн төлбөр байгаа. Үүнийг 20 жилд төлөхөөр сард төлөх мөнгөн дүн нь өсөөд байна гэж ярьцгааж байна лээ. Үнэнийг ингэж гуйвуулах хэрэггүй. Зээл төлөх хугацааг нь яг дээрхийг урьдчилан тооцоод 30 жил болгосон. Тиймээс сарын төлбөр, орлогын хэмжээ хуучнаасаа ерөнхийдөө өөрчлөгдөөгүй.

Яагаад ийнхүү улаан цайм гуйвуулан тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Мэдээллийн зөрүүнээс болсон юм болов уу. Яагаад орон сууцны зээлийн хүүг зургаа, долоон хувь биш таван хувь гэж сонгоод байгаа вэ гэхээр хуучин найман хувийн зээл дээр ±1% гэсэн тогтолцоотой байсан. Хөдөө орон нутаг долоон хувийн хүүтэй зээл өгч байсан. Тэгэхээр долоон хувь нь тохиромжгүй. Манай намын үед зургаан хувийн хүүтэй зээл гэж байсан учраас зургааг бас сонгож болдоггүй. Ямар нэгэн байдлаар Ардын намтай наалдчихаж магадгүй гэж бодсон байх. Тэгээд л таван хувь дээр буусан болов уу. Нам хоорондын улс төрийн өрсөлдөөнөөс ард иргэд хожиж байвал болох нь тэр.

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгочихвол барилгын салбарт хэрхэн нөлөөлөх вэ?

-Богино хугацаандаа барилгын салбарт сөргөөр нөлөөлөхгүй. Гэхдээ хоёр, гурван хувьсагчтай зээлийн тогтолцоонд хүүг нь бууруулахаар цаана нь босгыг нь өндөрсгөх шаардлага үүснэ. Тиймээс 10-ын урьдчилгааг 20% болгож байгаа юм. Өмнө нь иргэд 30%-ийн босгыг давж чадахгүй байсан. Өнөөдөр 20 хувь дээр үлдээчихээр энэ босгыг хэдэн хүн давж орж ирэх бол. Ямартай ч урьдчилгаа төлбөрийг нь олж, банкны шаардлагыг хангах хүний тоо тийм ч их биш байх болов уу. Яагаад гэвэл 10 хувийн урьдчилгааны босгыг давах хүн 20 хувийг давах хүнээс яаж ч бодсон их байж таараа.

Хүүг нь хэчнээн сайхан буулгасан ч урьдчилгаа нь өндөр байхаар гэрээ хэчнээн сайхан тухлаг болгосон ч тухайн иргэн босгыг нь давж орж ирээд амарч чадахгүй л гэсэн үг. Иймэрхүү л дүр зурагтай байгаа. Хүү дээр нэг асуудал бий. Бидний санал болгосон тогтолцоо бол ард иргэддээ хүртээмжтэй мөртлөө зээлийн санд хохиролгүй. Баталгааны мөнгө эргэн төлөгдөөд арвижаад орж ирэх тогтолцоо байсан. Одоогийн хүүг буулгаад таван хувь болгочихоор буусан хүүний зөрүүгээр мөнгө санд эргэж орж ирэхгүй. Зээлийн сан эргэлт бүрдээ тэлж байх тусмаа олон хүнд зээл болон хүрнэ. Харил буулгасан хүү тэр хэмжээгээрээ эргэн орж ирэхгүй мөнгө. Ипотекийн зээл хамгийн сайн төлөлттэй байдаг тул түүнийг нийгмийн даатгалын сантай уялдуулж өгөхөөр хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Уг нь энэ бидний эхлүүлсэн хамгийн чухал өөрчлөлт.

-Урьдчилгааг 20 хувь, зээлийн хүүг таван хувь болгохоор арилжааны банкуудын шаардлага улам өндөрсөх үү. Банкинд ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэх боломж нэмэгдэх юм биш үү?

-Орон сууцны зээл цаанаасаа эх үүсвэртэй. Энэ мөнгийг нь банкууд аваад үйлчилгээ хийгээд явж байгаа учраас эрсдэл үүсэх магадлал харьцангуй бага. Дээр хэлсэнчлэн хүү бууснаас болж урт хугацаандаа зээлийн сангийн тэлэлт багасана гэсэн үг. Жишээ нь нэг их наядаас 80 тэрбум төгрөг орж ирэх байсан бол 30 тэрбумаар бага орж ирнэ. Тэр 30 тэрбум хэчнээн хүнд ипотекийн зээл болж очих боломжтой билээдээ. Гэтэл энэ боломж хаагдаж байна гэсэн үг. Ардын нам эдийн засаг нэлээд тогтворжиж, хуримтлал нэмэгдсний дараа алсдаа хүүгээ бууруулах ёстой гэсэн бодлогыг ярьж байсан.

-Саяхан Үндсэн хуулийн Цэц дээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгосон нь нэлээд маргаан дэгдээлээ. Үүнээс болж найман хувийн зээл зогсонги байдалд орлоо гэж зарим хүн ярьж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр дээр харах зүйл бий. Яагаад гэвэл хүчингүй болгосон олонхи заалт нь ипотекийн зээлд эрсдэл үүсгэхээргүй. Гэхдээ банкинд мэдэгдэхгүйгээр давхар барьцаалах боломж гарч байгаа бол энэ нь ипотекийн зээлд шууд сөрөг нөлөөтэй. Mortgage гэхээр хүмүүс зээл гэж ойлгоод байдаг. Уг нь mortgage гэдэг чинь барьцаа гэсэн үг. Англи хэл дээр гэхэд барьцааг тайлбарласан олон үг бий. Гэтэл mortgage гэдэг барьцааг тусд нь томьёолсон байгаа. Монгол дээр ч барьцаалбар гэж тусгайлан орчуулагдаад байгаа. Иймд энэ нь тусдаа зохицуулалттай байх учиртай. Бусад барьцаатай хольж болохгүй. Банкууд ипотекийн зээлд эрсдэл үүсвэл үл маргах журмаар авч цаашаа зараад олсон мөнгөнөөс хувь хэмжээг нь тохируулж зээлдэгчид буцааж өгөөд явдаг. 70 гаруй мянган хүнд олгочихсон энэ зээл шүүхдэж авдаг болчихвол энэ олон хүний зээл эргээд эрсдэлд орно. Ийм ойлгомжгүй байдал үүсэнгүүт банкууд болгоомжлох нь аргагүй. Буруутгаж болохгүй. Аль аль талдаа шийдвэрүүдээ нухацтай харах ёстой. Бид нарын ойлгодог барьцаа гэдэг ганц ойлголтын ард маш олон ойлголт бий.

-МАН засагт байхад орон сууцны хүүг бууруулах санхүүгийн эх үүсвэр бага байжээ гэж ойлголоо. Тэгвэл одоо ямар мөнгөөр орон сууцны хүүг таван хувь болтол буулгах гэж байгаа юм бэ?

-Манай нам засагт орсны дараа өрийн тааз ДНБ-ий 60 хувьд хүрчихээд байсан. Нэмж бонд босгож болохгүй, энэ боломжиндоо тааруулж ажиллах болсон.Гэтэл 2015 оны зургадугаар сар гэхэд өрийн хэмжээ таазандаа хүрэхээ болиод доошоо буусан. Яагаад гэхээр төгрөгийн ханш өсөж 1800- гийн орон зай руу орчихсон. Ингээд ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 44 хувьтай тэнцэх болсон. Тэгэхээр 44 хувиас 60 хүртэл их ялгаа гарна даа. Урьдчилгаа 20 хувийн төлбөр дээр гаргах мөнгө гараад ирчихэж байгаа юм. Энэ боломж дээр бид хурдтай ажиллаж шийдвэр гаргасан. Ипотекийн зээлийн эргэн төлөлт эрүүл байгаа болохоор тэнд хуримтлагдчихсан мөнгө бас байсан.

Дээр нь батлан хамгаалах яамны мөнгийг хамт оруулахаар ярьж байлаа. Тэтгэврийн сангийн мөнгөтэйгээ уялдуулах санаачилгыг ч гарган эхлүүлсэн. Энэ боломжууд өнөөдөр ч гэсэн байгаа учраас таван хувь болгоно гээд ярьж байна. Миний санаа зовж байгаа зүйл бол босго нь өндөр байгаа учраас үүнийг авах хүн хэр олон байх бол л гэдэг асуудал. Нөгөөх нь таван хувийг арай эрт болгочихвуу гэсэн бодол байна. Гэхдээ нэгэнт хийнэ гээд улс төрийн шийдвэр гаргасан бол улстөржүүлээд байлгүйгээр шууд хийх л хэрэгтэй. Барилгын салбар эрсдэлтэй эмзэг байгаа учраас энэ байдлаас гаргах хэрэгтэй.

-Таныг орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох хариуцлагагүй мэдэгдэл хийснээс болж барилгын салбарын борлуулалтад сөрөг нөлөө үзүүлсэн гэж шүүмжилж байна лээ.

-Би Засгийн газрын шийдвэрийг мэдээлэх үүрэгтэй. Нэгэнт гарсан шийдвэрийг би олон нийтэд хүргэсэн. Энэ бол хариуцлагатай үйлдэл. Засгийн газрын тэргүүн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэрийг гаргаад түүний дараа гадаад руу айлчсан. Явахаасаа өмнө холбогдох сайд нарт энэ шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх үүрэг өгсөн. Энэ нь хуралдааны бичлэгт байгаа. Иргэд буруу ташаа ойлгохвий л гэсэн хэрэг. Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг, даалгаврын дагуу үүнийг хийсэн.

Гэтэл зээлийн хүүг таван хувь болгоно гэдэг албан ёсны шийдвэр гараагүй байхад бүгдээрээ л ярьж байна. Гаргаагүй шийдвэрээ олон хоног ярьж буйгаа хариуцлагагүй гэж үзэхгүй байж Засгийн газраас гаргачихсан шийдвэрийг нийтэд мэдээлсэн намайг хариуцлагагүй байна гэж хэлж байгаатай би санал нийлэхгүй байна. Барилгын борлуулалт 10 хувийн зээлээс болж зогсоогүй. Намайг сайд болоход 30 хувийн зээл зогсчихсон, 2014 онд нийлүүлэлсэн барилгын 30 хувь нь буюу 7000 байр зарагдаагүй байсан. Нэмээд 26-27 мянган барилга орж ирж байсан. 7000-ыг шингээгүй зах зээл яаж 27 мянгыг шингээх вэ гэдэг асуулт боссон байсан. Тэгэхээр барилгын салбарын борлуулалт аль хэдийнэ зогсчихсон байсан. Барилгын салбарын холбогдох байгууллагууд нь ипотекийн зээлийн тогтолцоог өөрчлөөд өгөөч, урьдчилгаа 30 хувь хэтэрхий өндөр байна гэсэн санал хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Бид доороосоо ирж байгаа санал, хүсэлтийг харгалзан судалж, шинжилсний эцэст шийдвэр гаргасан. Тиймээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг мэргэжлийн байгууллагуудын хүсэлт, иргэдийн саналын үндсэн дээр 10 хувь болгох шийдвэрийг тухайн үед гаргаж байлаа.

- Ярилцсанд баярлалаа

Ц.Оюунтунгалаг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш