logo
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дампуурчээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дампуурчээ

2011/10/13
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрхэн  дампуурсныг эдийн засгийн ухааны доктор Л. Пүрэвбаатар   нарийвчилж  тооцоолсныг   Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж бичсэн  түүний  ил захидлаас  тодорхой уншиж болно. 2008 оны сонгуульд иргэн бүрт “Нэг сая төгрөгийн хувьцаа олгоно”  гэсэн амлалттайгаар  АН оролцсон.  Таван толгойн ордыг ашиглалтанд оруулж,  энэхүү амлалтаа биелүүлэх нь талаар болж байх шиг байна. Учир нь та бидний гар дээр ирэх 536  ширхэг хувьцааны батлагаат хөрөнгийн  эх үүсвэр нь ердөө хоёрхон шуудай буюу 38,6 кг  нүүрс болж байгааг эдийн засагч эрдэмтэн  маань  тооцоолжээ. Хоёр шуудай нүүрсний хувьцаа гэж юу байх билээ.  Ингэхлээр АН-ын мөрийн хөтөлбөр дампуурчээ гэсэн ойлголт эндээс  урган гарч байна.   Албан захидлыг толилуулж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч, Үндэсний  аюулгүй  байдлын зөвлөлийн тэргүүн  Ц.Элбэгдорж  танаа
Таны амар амгаланг айлтгая
Мордохын хазгай болсон Таван толгойг ашиглах Засгийн газрын төслийн алдаа дутагдлыг засаж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийлж энэхүү ил захидлыг Танд бичиж байна. Таван толгойг ашиглах анхны төсөлд Засгийн газар ямар алдаа гаргасаныг товч өгүүлье
-Таван толгойн нэгдмэл ордыг Засгийн газрын Цанхийн зүүн  баруун хэсэг, Энержи ресурс, орон нутгийн Таван толгой гэж хэдэн хэсэгт хувааж, түүний эдийн засгийн үр ашгийг бууруулж, стратегийн ач холбогдлыг алдагдуулж байна. Тухайлбал, Эрдэнэс MGL компанийн захирал Б.Энэбишийн мэдэгдэж байгаагаар Цанхийн зүүн хэсэг 1 тэр бум 78 сая тонн нүүрсний нөөцтэй, энэ нөөцийн 50 хувийг /540 сая тонн/ төрийн өмчит Эрдэнэс Таван толгой ХК эзэмших гэж байгаа нь Таван толгойн нийт нөөцийн дөнгөж 8.0 хувь болж байна. Гэтэл Цанхийн баруун хэсгийн 1 тэр бум 200 сая тонн нүүрсийг гадаадын консорциумуудад эзэмшүүлэх гэж байгаа нь Таван толгойн нийт нөөцийн 18.8 хувь болж, тэдэнд давуу эрх олгох гэж байна. Энэ бол стратегийн орд- Таван толгойн хувьд байж болохгүй сөрөг үйлдэл.
-Таван толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Эрдэнэс Таван толгой ХК-д дангаар нь эзэмшүүлж компанийн ,засаглалын бүхий асуудлыг шийдвэрлэх гэсэн утгагүй ,бүтэхгүй,улс орнуудын практикт байдаггүй хийсвэр сэтгэлгээнд хөтлөгдөж Цанхийн баруун хэсгийг гадаадын консорциумуудад эзэмшүүлж, тус хэсэгт Монгол улсын Засгийн газар хяналт тавих ямарч боломжгүй болгож байна. Тусгай зөвшөрөл бол хөрөнгө оруулалтын баталгаа болох хувьцаа биш, гадаадын консорциумууд тусгай зөвшөөрөлгүй ч нүүрс олборлож, баяжуулж угааж коксжуулах, борлуулах ажиллагаа хэний ч оролцоогүйгээр ашиг орлогоо захиран зарцуулж, өөрсдийн олсон хөрөнгийн хэмжээгээр тус бүрдээ хувьцаа эзэмшиж ногдол ашгаа хувааж байна. Тэд, Монгол улсад аж ахуйн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр л төлнө. Тэд, зарлагаа зохиомлоор өсгөж, орлогоо бууруулж, ашгаа багасгаж татвараас зайлсхийхийг үгүйсгэхгүй. Цанхийн баруун хэсэгт ажиллахаар саналаа ирүүлсэн гадаадын консорциумуудаас Хятадын Шэнь-хуа Америкийн Пийбоди, Монгол-Оросын/ төмөр замын/ хамтарсан компанийг шалгаруулжээ. Таван толгойд оролцуулвал зохих манай дотны түнш Япон, Солонгосын консорцимуудыг хассан.
-Монгол улсын үндэсний эрх ашгаас Энержи ресурс орон нутгийн Таван толгой-н эздийн хагартлаа баяжих явцуу ашиг сонирхлыг дээгүүр тавьж, УИХ, Засгийн газрын зарим гишүүд MCS Шунхлай, Петровис компаниудын эзэд хуйвалдах замаар Таван толгойн нөөцөөс таслан авах гэж байна. Ухаа худагт Энержи ресурс 3000 га талбайд 250 сая гаруй тонн коксжих 150 сая тонн эрчим хүчний нүүрс ашиглах гэнэ. Орон нутгийн таван толгойд хичнээн сая  тонн нүүрс өгөх гэж байгааг мэдээлээгүй байна.
-Цанхийн зүүн хэсэгт ажиллах төрийн өмчит Эрдэнэс таван толгой ХК-ны 30 хувийг гадаад дотоод хөрөнгийн бирж дээр худалдаж, мөнгө босгох нь стратегийн орд Тавантолгойн хувьд буруу юм. Яагаад гэвэл стратегийн ордын гол ялгаа нь Засгийн газар аль болох ахиухан хувьцаа эзэмшиж, ногдол ашгаа авах явдал. Хувьцааг нь худалдсан ордуудаас аж ахуйн нэгжийн орлогын татвар, ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр л авна.
Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс таван толгой “ХК-ийн хувьцааны 10 хувийг / буюу 108сая тонн нүүрс/ монголын 2.7 сая хүнд хуваахад нэг иргэнд 38,6 кг / хагас шуудай нүүрс / нүүрс таван ам бүлтэй айлд 193 кг /хоёр шуудай нүүрс ногдоно. Энэ нь нэг иргэнд өгөх 536 ширхэг хувьцааны баталгаа хөрөнгө юм. 38,6 кг нүүрст ногдол ашиг хуваахгүй нь ойлгомжтой. Нохойноосоо гинж нь гэгчээр 2,7 сая хувьцаа эзэмшигчидтэй, ногдол ашиг хуваахгүй баталгаа хөрөнгө оруулалтыг нь Засгийн газар төлөх, нүсэр их техник ажлаар Эрдэнэс таван толгой  ХК-ийг дарамталж, иргэдэд 10 хувийн хувьцаа эзэмшүүлэх хэрэггүй нь харагдаж байна.  Нэгдмэл Таван толгойн хувьцааны 10 хувийг /640 сая тонн нүүрс / иргэдэд өгнө гэж Их хурлын өмнөх сонгуулиар амлачихаад өгөх болохоор Цанхийн зүүн хэсгийн 10 хувийг /108 сая тонн нүүрс / өгч иргэдээ хуурах гэж байгааг зогсоох ёстой.
-Таван толгойг ашиглах Засгийн газрын төсөл алдаатай түүхий, техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулаагүй, нүүрс тээвэрлэх засмал зам тавиагүй байхад Эрдэнэс таван толгой компани нүүрс олборлож, тонн нүүрсийг хятадад 70 ам доллараар худалдаж 60 ам долларын зарлага гаргаж, 10 ам долларын ашиг олохын төлөө Монголын нүүрс експортлогч компаниудтай хямд үнээр өрсөлдөж байна.
Хүнд даацын автомашинуудаар нүүрс тээвэрлэж, газрын хөрс сүйтгэж, бэлчээр устгаж, замын тоосоор нутгийн хүн малын уушгийг чулуужуулж байна хэмээн Цогтцэций сумын засаг дарга халаглаж байгааг харлаа.
Таван толгойг нэгдмэл байдлаар, төрийн давуу оролцоотой ашиглах санал.
Нэгдүгээрт уул уурхайн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлал /бодлого/ -ыг дахин боловсруулж, Ашигт малтмалын хуулиа өөрчилж, УИХ баталсаны дараа Таван толгойд нүүрс олборлох, баяжуулах, угаах, коксжуулах үйлдвэр байгуулах болон авто болон төмөр зам тавих гэх мэт дэд бүтцийн хамт цогц төслийг боловсруулж УИХ-аар батлуулах.
Хоёрдугаарт эхлээд Таван толгойг нэгдмэл байдлаар, төрийн давуу оролцоотой ашиглахаар бодож, түүний ТЭЗҮ-ийг боловсруулж хөндлөнгийн этгээдээр нөөцийн үнэлгээ хийлгэж, эдгээр бичиг баримтад тулгуурлаж, Таван толгойн төсөлтэй холбоотой бүхий л тооцоо судалгаа хийж дараа нь Таван толгой нэртэй бие даасан хувьцаат компани байгуулж, түүнд хувьцааны 51-ээс дээш хувийг эзэмшүүлж, оролцогч гадаад дотоодын компаниудад тэдний оруулах хөрөнгийн хэмжээгээр тус бүрд нь хувьцаа эзэмшүүлж, тэдэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах.
Гуравдугаарт: монголын бүх иргэнд Таван толгойн хувьцаа эзэмшүүлэх эдийн засгийн бус буруу хандлагыг зогсоож, Эрдэнэс MGL компанид цугларах стратегийн бүх ордын ногдол ашгаас тодорхой хувийг манай бүх иргэнд бус дундаас доош орлоготой айл өрх, олон хүүхэдтэй ам бүл ,хөгшид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст Хүний хөгжил сангаар дамжуулан хувиарлах нь нийгмийн халамжийг хүртээх оновчтой бөгөөд баян хоосны ялгааг хязгаарлах нэг арга юм.
Дөрөвдүгээрт: Стратегийн ордууд, түүний дотор Таван толгойн хувьцааг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаж, мөнгө босгохыг ойрын 10 жил хориглох.
Тавдугаарт: Таван толгойн нэгдмэл нөөцөөс таслан ашиглаж байгаа Энержи ресурс орон нутгийн Таван толгой компаниудын асуудлыг Монгол улсын эрх ашигт ч, тэдний ашиг сонирхолд ч нийцсэн арга замаар шийдвэрлэх.
Нэгдүгээрт өгүүлсэн баримт бичгүүдийг 2011 онд багтаан боловсруулж, 2012 оны эхнээс Таван толгойг ашиглаж эхлэх бүрэн боломжтой гэж ойлгож байна. 
Засгийн газрын боловсруулсан бодлогын хувьд ч, хэрэгжүүлэх арга замын хувьд ч будлиантай бантан болсон, мэргэжлийн хувьд тэнцэхгүй Таван толгойг ашиглах төслийг УИХ сайжруулаагүй, алдаа дутагдыг нь давтсан 39 дүгээр тогтоол гаргасан.
Мордохын хазгай болсон энэ төслийг Засгийн газар дахь хоёр дахь удаагаа сайжруулах найдвар байхгүй. Иймд ҮАБЗ энэ төсөлд үндсэн эргэлт хийсэн шийдэмгий шийдвэр гаргахгүй бол үндэсний энэ баялаг маань хээл хахуулийн барьцаа золиос болж, гадаад дотоодын луйварчдын гарт орж тэдний идэш болж мэдэхээр байна Ерөнхийлөгчөө.
 Эдийн засгийн ухааны доктор  Л.Пүрэвбаатар
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш