Монголын бизнесийн ертөнц, тэр дундаа барилгын салбарт нэгэн нууцлаг хатагтай байдаг нь “Сөүл”-ийн Болороо нэрээрээ алдаршсан Д.Өнөрболор хэмээх бүсгүй. Дээдсийн хүрээнийхэн түүнийг андахгүй. Монголын хамгийн анхны гэж болохоор үнэ өртөг өндөр, тэр хэрээрээ дээд зэргийн стандарт бүхий хотхон болох Чингисийн арын “Royal castle”, Зайсан дахь “Green villa” бүгд энэ бүсгүйн барьж байгуулсан бүтээн босголт. Тухайн үеийнхээ ханшаар хамгийн өндөр үнэтэйд тооцогддог энэ хоёр хотхонд Монголын хамаг л дээдэс, цагдаа хүчнийхэн, УИХ-ын гишүүд, төр засгийн томчууд хуваагдаад суурьшчихсан гэдэг. “Алтжин”-гийн Алтан, “Монгол газар”-ын Мянганбаяр тэргүүтэй бизнесмэнүүд амьдардаг. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди гэхэд “Royal castle” хотхонд амьдардаг бөгөөд арын нууц ноёнтон нь ч гэж яригддаг.
Ингэж Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэсрэлт хийж, эргэлт авчирсан Зайсангийн тэргүүн хатагтай Д.Өнөрболор хэвлэлд ярилцлага өгдөггүй, нам гүмхэн амьдардаг. Харин ойрд телевизийн ярилцлаганд орж, дуртайяа яриа өрнүүлж, хааяахан МАН-ын байраар эргэлдэх болсон “Мантууш” Болороог ирэх 2016 оны сонгуульд өөрийгөө сойхоор бэлдэж байна гэж хардах болов.