logo
Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн айлчлал амжилттай боллоо

Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн айлчлал амжилттай боллоо

2011/10/14
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны орой манай улсад ирсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн албан ёсны айлчлал өчигдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өглөө 09 цагт Сүхбаатарын талбайд  угтан авч хүндэтгэл үзүүлснээр эхэллээ.
Энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал юм. Энэ үеэр хүндэт харуулж жагсаж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ.
Хүндэт төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурснаар албан ёсны хэлэлцээр эхэлсэн юм.
Эдийн засаг, бизнес
“Эрдэнэс таван толгой” компани, “Сийменс” компаниуд хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел нар Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Уг ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Германы талаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт төлөөлөгч Петер Шаллер, тус улсын Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иохен Хооманн нар, мөн Уурхайн гэрээт олборлогчдын тухай Эрдэнэс Тавантолгой компани, ББМ Оперта групп хоорондын гэрээнд Монголын талаас Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Германы талаас ББМ Оперта группийн Ерөнхийлөгч Вольфган Петерс нар гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах тухай “Эрдэнэс таван толгой” компани, “Сийменс” компани хоорондын ерөнхий гэрээнд Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Сийменс компанийн Эрчим хүчний үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Маркус Таке нар гарын үзэг зурлаа.
Улаанбаатар хотод шинээр баригдах суурьшлын бүс дэх усны тогтвортой ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний  тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ХБНГУ-ын “ГАУФФ инженеринг” компанийн хоорондын хэлэлцээрийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, “ГАУФФ инженеринг” компанийн Ерөнхийлөгч Увэ Гауфф нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Линдао Нобелийн шагналтнуудын Зөвлөл, Констанс нуурын эрэх дээрх Линдао Нобелийн шагналтнуудын уулзалтын сан хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын ШУА, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тохиролцоонд Монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Германы талаас Герда Хенкелийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Микел Ханслер нар гарын үсэг зурлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш