logo
Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо хуралдлаа

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо хуралдлаа

2016/02/01

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нэг жилийн ойн босгон дээрээ буюу 2016 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороогоо хуралдуулж, иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хэвлэл мэдээллийн зөвлөлд “Улаанбаатар Буян” ХХК-аас “Мongolcomments.mn” сайтын 2015 оны 12-р сарын 03-ны өдрийн “Улаанбаатар Буян компани бурхан болоочидтой зүй бусаар харьцаж байна” мэдээнд тус компанийн үйл ажиллагааны талаар илт буруу, ташаа мэдээлэл нийтлэгдсэн гэх үндэслэлээр гомдол ирүүлсэн байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тайлбар өгөх хүсэлт гаргасан ч редакцийн зүгээс татгалзсан байна. Энэ гомдлыг Ёс зүйн хороо журмынхаа дагуу шинжлэн хэлэлцээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 5 дахь заалт “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана“ гэснийг зөрчсөн гэж үзсэн юм. Улмаар “Гомдол барагдуулах журам”-ын 6.2.4 дэх заалтын дагуу “Мongolcomments.mn” сайтын нэрийг дурьдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Мөн “ЛГБТ” ТББ-аас нэгэн мэдээллийн сайтын 2015 оны 8-р сарын 27-ны өдрийн “Бэлгийн цөөнхийн төлөөлөл мэдээлэл хийлээ” хэмээх мэдээнд “ЛГТБ хүмүүсийг гутаан доромжилсон үг хэллэг болох “гомо”, лесби” хэмээн үгээр нэрлэсэн нь эдгээр хүмүүсийн талаархи нийгэмд мэдээлэлгүй үеэс уламжлагдан ирсэн ба одоог хүртэл оршсоор буй сөрөг, хэвшмэл ойлголтуудыг шууд утгаар улам батжуулж, дэврээж, өөгшүүлж байгаа явдал болсон гэдэг нь ялангуяа уг мэдээний дор бичсэн хүмүүсийн сэтгэгдлээс харагдаж байна” гэж гомдол гаргасан байна.

Харин тухайн сайтын редакци хэвлэлийн бага хурлын үеэр эх сурвалжийн мэдээлсэн зүйлийн утгыг гуйвуулаагүй, ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэж үзсэн байна. Түүнчлэн уншигчийн сэтгэгдэлд зөвхөн Монгол Улсын хууль тогтоомж ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд редакцийн зөвлөлийн хурлын шийдвэрээр эсхүл хувь хүмүүсийг гутаан доромжилсон шинжтэй байвал сэтгэгдэлд дурдагдсан хүмүүсийн хүсэлтээр уг сэтгэгдлийг арилгадаг тул тэдгээр сэтгэгдлийн талаар манай редакцитай хамтран ажиллахад нээлттэй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Ёс зүйн хороо уг гомдлыг авч, хэлэлцээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1 дэх заалтын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ“ гэснийг зөрчсөн гэж үзэж, тухайн сайтын нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Дээрхи гомдлуудаас гадна нэр бүхий 7 хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн зэрэг нийтлэгдсэн ижил утга агуулга бүхий нэгэн мэдээлэл нь эх сурвалжаа нягталж, шалгаагүй, мушгин гуйвуулсан, нэр хүндэд нь санаатайгаар халдсан, доромжилсон, гүтгэсэн шинж чанартай байна гэж үзсэн Дорноговь аймгийн иргэн Г.Г гомдол ирүүлснийг Ёс зүйн хороо энэ асуудлаар тодруулга тайлбар авсны дараа дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш