logo
А.Меркелийн хормойноос зүүгдсэн Л.Гүндалай Ц.Элбэгдоржид юм бодуулав

А.Меркелийн хормойноос зүүгдсэн Л.Гүндалай Ц.Элбэгдоржид юм бодуулав

2011/10/14
Германы канцлер хатагтай А.Меркель ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнд зориулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулав. УИХ-ын гишүүд Оюутолгой, сонгуулийн хууль, төсөв гээд улс эх орны амин чухал асуудал хэлэлцэхэд ийм өндөр ирцтэй чуулж байсныг нь санахгүй байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Гэтэл дэлхийд нөлөөтэй улс төрч үдлээд мордоход манай улс төрчид хөл алдан гүйлдэж байсан нь хөгийн ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Хүчгүй нь хүчтэйгээ даган намирдаг учиртай хойно яалтай билээ.  
УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс хатагтай А.Меркель үг хэлэн, Монголын ард түмэнтэй мэндчилсэн. Үүгээр хуралдаан өндөрлөж, канцлер А.Меркель УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамтаар чуулганы танхимаас гарахаар явах замд нь гэнэт УИХ-ын гишүүн Л.Гүндалай гүйн гарч ирж, А.Меркелийн гараас татан өөр рүүгээ анхаарлыг нь хандуулж дөнгөв. Улмаар гар барин инээд алдан ярилцаж, тойроод харж байгаа гишүүдийг “атаархаж байгаа даа” гэж бодож амжсан аятай жуумалзан, дахин дахин хатагтайн гараас татаж өөр рүүгээ хандуулж байх юм. Сүүлд нь хатагтай А.Меркель салж явахаар завдахад дахин түүнийг татаж, тэврэн аваад үнсэлцэж орхидог байна. Үүгээр хатагтайн хувьд санамсаргүй, Л.Гүндалайгийн хувьд “санаа”-тай уулзалт өндөрлөсөн юм. Болсон явдал бол энэ. Гэхдээ энэ үйл явдлыг өөр бусадтай харьцуулан харваас олон зүйлийн бодол дүгнэлт төрөх аж. Тухайлбал, Л.Гүндалай Германд эмчийн мэргэжил эзэмшсэн, Герман хэлтэй, гишүүд дундаа хамгийн сайн ярьдаг, Герман улс руу контакталдаг гэдгээрээ олдсон боломжоо чулуу болгож чадсан нь адтай. Ингэснээрээ Л.Гүндалай ирэх сонгуулиар оноо авах гол тоглолтоо хийчихлээ. Мөн дэлхийд нөлөөтэй улс төрч эмэгтэйтэй МУ-ын парламентын танхимд “үнсэлцсэн” анхны монгол улс төрч болж түүхэнд үлдэх нь.

Мөн 2005 онд Ж.Буш АНУ-ын ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилж байлаа. Тухайн үед Н.Энхбаяр манай ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж ерөнхий сайд байсан.  Ж.Буш Төрийн ордны хүндэтгэлийн тайзнаас үг хэлж, манайхны урдаа барьдаг нэр нөлөө бүхий гэгддэг 700 гаруй хүн тэрхүү үйл явдлын гэрч нь болж байлаа. Ж.Бушийг үг хэлж байхад Л.Гүндалай ганцаараа босон алга таштал хэн ч түүнийг дагаж босоогүй юм даг. Харин тэрээр өөрөө “буруу л юм болж гээд суусан” гэж дурсдаг юм билээ. Тэгэхэд ноён Ж.Буш үг хэлж дууссаны дараагаар Л.Гүндалай руу өрөө гараараа даллан дуудаж, гар барьж байсан түүх бий. Энэ түүхээр тэрээр хэсэгтээ л имиж хийж явсан санагдана. Гэхдээ тэр үед бусад улс төрчид хараад л зогсож байсан, тухайн үед хэн хэн байсныг одоо санах хүн харин ховор байгаа юм. Хэрэгтэй үед нь хэрэгтэй гэж үзсэнээ хийсэн хүн заримдаа хождог л бололтой. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч асны айлчлал хэдий богино байсан ч хотын зах руу агаарт гарч, бичил наадам үзэх хөтөлбөр багтаасан байсан. Түүнийг ч ёсоор болгосон бөгөөд энэ үйл ажиллагаанд ерөнхий сайдыг оруулаагүй байсан. Гэтэл найр наадам ид өрнөж байхад ерөнхий сайд Ц.Элбэгдорж өөрөө араас нь давхиж очоод харуул хамгаалалтынханд адлагдаж байж билээ. Гэхдээ “Буш өөрөө ирээрэй гэсэн юм” гэж гүрийсээр үйл ажиллагаа руу орж байсан санагдаж байна. Харин үүнтэй төстэй түүх Германы канцлерын айлчлалын үеэр гарч буй Л.Гүндалайгийн үйлдэл болов. Хамгийн гол нь урилгагүй зочин, төлөвлөөгүй үйлдэл хийхэд ямар байдгийг төрийн тэргүүнүүд маань дотроо хэрхэн хүлээн авсан нь сонин байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг Ж.Буштай “хөтлөлцөөд” явж байхад Ц.Элбэгдорж дундуур нь гүйж орж ирэхэд Н.Энхбаяр дотроо хэрхэн хүлээж авсныг, Ерөнхийлөгч маань А.Меркельтэй “сугадаад” шахам явж байхад нь Л.Гүндалай дундуур нь орох үед мэдэрсэн болов уу.
Манайхан хэзээнээсээ багаар ажиллаж, нийтийн эрх ашгийг дээдлээд байдаггүй ард түмэн. Тэр нь ч энэ улс төрчид дээр давамгай илэрдэг бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь Л.Гүндалай боллоо. Тэр утгаараа Ж.Бушийн айлчлал, А.Меркелийн бууж мордох завсарт хувийн тоглолтоороо урьсан уригдсанаа байдалд хийж, хүндэтгэл дэг жаягийг уландаа гишгэдэг томчууд, боломж олдвол энэ үйлдлээ бодох хэрэгтэй болсон санагдана. Ганц олдох боломжийг ашиглах нь малчин “Дорж”-д чухал ч, харилцан айлчлаад уулзчих боломжтой улс төрч “Дорж”-ийн хувьд амбицаа дарж сурах хэрэгтэй юм шиг.
Ямар ч байсан баялаг сандайлсан жижиг улсыг дэлхий нийтийн томчууд тоогоод байгаа нь таашаалтай хэрэг. Харин хатагтай А.Меркелийн айлчлал хоёр улсдаа ашиг, оноо авчрах болтугай. 
Э.Болор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш