Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/104 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараах байдлаар тогтоож, нийслэлийн Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов. Үүнд:
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Этүгэн” дээд сургууль, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эрэг орчимд шинээр барих авто замд 1,5 га
- Баянгол дүүргийн 7,8,9,13,14,15,17,18,19,21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний ордноос Ард Аюушийн гудамж хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 10 га
- Чингэлтэй дүүргийн 5,8,9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 3,5 га
- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164 дүгээр анги хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 1,5 га
- Баянзүрх дүүргийн 13,14,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам болон Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын ажилд 0,75 га
- Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13,16 дугаар гудамжны дунд хэсгийн авто зам, 15,16 дугаар гудамжны дунд хэсгийн хайрган авто замын ажилд 1,8 га
Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, кадастрын бүртгэлд бүртгэхийг Өмчийн харилцааны газарт, авто замын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт тус тус үүрэг болголоо. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав.