logo
АСЕМ-ын уулзалтад зориулж тохижуулах 13 гудамжийг танилцуулж байна

АСЕМ-ын уулзалтад зориулж тохижуулах 13 гудамжийг танилцуулж байна

2016/02/24
Улаанбаатар хотод 2016 онд  хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг Ази Европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулан, зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжаар  АСЕМ-ын уулзалтын “Нэгдсэн төлөвлөгөө”-г  боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасан юм.

“Нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилго бүхий “Шуурхай үйл ажиллагааны түр журам”-ыг баталж, Шуурхай удирдлагын штабын зохион байгуулалт бүтэц, хяналтын хэсгийн болон захиалагч болон гүйцэтгэгчийн эрх үүрэг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа байгууллагуудын үүрэг оролцоо, тохижилтын ажилд хяналтыг хэрхэн тавихыг тодорхой тусгав.

“Нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгагдаагүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын мэдээллийг тухай бүр “Шуурхай удирдлага зохицуулалтын төв”-д мэдэгдэж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, зөвшөөрөлгүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдийн   үйл ажиллагааг зогсоож, хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Мэргэжлийн хяналтын газарт тус тус  үүрэг болгосон юм.  

“Нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх “Шуурхай үйл ажиллагааны түр журам”, “Шуурхай удирдлагын штаб”-ын үүрэг даалгаврыг мөрдөн ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгав.

Мөн АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын  хүрээнд дараах 13 гудамжийг тохижуулахаар төлөвлөөд байна. Тохижилтын ажлын явц гүйцэтгэлд Шуурхай удирдлагын штаб, холбогдох томоохон байгууллагуудыг оролцуулсан хяналтын  22 ажлын хэсгээс хяналт тавин ажиллана.
Тохижилт хийх 13 гудамжны нэрс:
  1. Энхтайваны өргөн чөлөө
  2. Их тойруугийн гудамж
  3. Чингисийн өргөн чөлөө
  4. Нийслэл хүрээ өргөн чөлөө
  5. Зайсангийн гудамж
  6. Наадамчдын зам
  7. Их сургуулийн гудамж
  8. Сүхбаатарын гудамж
  9. Олимпийн гудамж
  10. Их Монгол Улсын гудамж
  11. Гэндэнгийн гудамж
  12. Жамьян гүний гудамж
  13. Намяньжугийн гудамж-ийг иж бүрэн тохижуулахаар тохижилтын эскиз зургийг боловсруулж байна. Тохижилтын эскиз зургийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Гудамж төсөл хамтран боловсруулж дуусаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш