logo
М.Зоригт: Энэ онд Дорнод аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно

М.Зоригт: Энэ онд Дорнод аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно

2016/02/24

Зам, тээврийн сайд М.Зоригттой ярилцлаа. Тэрбээр хаврын тэргүүн сарын шинийн 15-нд зам барилгын ажлын энэ оны ажлын эхлэл болгож Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Хэнтий-Дорнодын чиглэлийн 143 км замыг барьж буй компанийнхантай газар дээр нь очиж уулзаж замын барилга угсралтын ажилтай нь биечлэн танилцсан юм.

-Дорнодын чиглэлд баригдаж буй 143 км замын ажил одоогоор хэдэн хувьтай явж байна. Зам барилгын ажил одоо хэдийнээс эхлэх вэ?

-Өнгөрөгч онд багтааж энэ чиглэлийн замыг барьж байгаа компаниуд газар шорооны ажлыг 100 хувь, хучилтын ажлын 60 хувийг хийж гүйцэтгэхээр үүрэг даалгавар авсан. Тэд ч амласандаа хүрсэн. Сая хоёр хоногийн өмнө Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд очиж, зам барилгын талбайд компанийн удирдлагууд болон зөвлөх компанийнхантай уулзлаа. Энэ 4-р сарын 15 гэхэд бүх компаниуд ажлаа эхлэхэд бэлэн байгааг газар дээр нь шалгаад ирлээ.

-Зам барилгын компаниуд өнгөрөгч оны гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг авч чадсан уу?

-Сая сар шинийн баяраас өмнө ажлын гүйцэтгэлийг батлагдсан санхүүжилтийнх нь дагуу өгч эхэлсэн. Зарим компани гүйцэтгэлийнхээ тайлан тооцоог хугацаа оройтуулснаас болж бусад компаниудад чирэгдэл болсон тал бий. Манай яам Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, төрийн бус байгууллагынхантайгаа хамтарч УИХ, Засгийн газар, УИХ-ын Байнгын хороонд олон удаа албан тоот явуулж, нэлээд чармайлт гаргасны хүчинд санхүүжилтээ авч эхэллээ. Нийтдээ 12.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн, 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байна.

-Дорнодын Хөлөнбуйр чиглэлийн 143 км замын ажил хэзээ бүрэн дуусч, ашиглалтад өгөх вэ?

-Зам барилгын ажлыг гүйцэтгэж буй таван компани бүгд наадмаас өмнө энэ замыг бүрэн хүлээлгэж өгнө гэдгээ хэллээ. Одоогоор ажил эхлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй асуудал байхгүй. Гагцхүү санхүүжилт нь саадгүй байх хэрэгтэй байна.

-Энэ зам тавигдсанаар дорнодчуудын хувьд нэлээд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн, эдийн засгийн өгөөжтэй байх нь мэдээж. Аймаг орон нутгийн удирдлагууд замын компаниудтай хэр хамтарч ажиллаж байгаа вэ?

-Би сайд болсноосоо хойш 2-3 удаа энэ зам дээр ирж ажилласан. Дорнод аймгийн Засаг дарга, Хөлөнбуйр сумын Засаг дарга удирдлагууд замын компаниудтайгаа нэлээд ойр дотно ажиллаж, замчдыг маань дэмжиж ажилладгийг хэлэх хэрэгтэй. Саяын уулзалтаар аймгийн Засаг дарга Бадамсүрэн “Энэ зун замын хучилтыг хийхийн тулд туслах зам гаргана. Энэ замыг орон нутгийн байгаль цаг агаарын онцлогт тохируулж, салхины чиг, газрын бартааг сайн судалж тооцоолж, мөн нийтийн тээврийн автобус явахыг бодолцож, туслах замаа гаргаарай” гэж хүсэж байна. Энэ зөв. Түүнчлэн дөнгөж сая намайг энд /Хөлөнбуйр суманд/ ирэхээс цагийн өмнө газрын дуудлага худалдаа болсон байна.

Тариалангийн зориулалттай газрын үнэлгээ зэргэлдээ сумынхаас 3 дахин их, 2 жилийн өмнөхөөс 11 дахин өсч зарагдлаа гэж байна. Хөлөнбуйрын зэргэлдээх Булган суманд хоёр жилийн өмнө тариалангийн зориулалттай 1000 га газар 187 сая төгрөгөөр зарагдсан юм билээ. Гэтэл сая Хөлөнбуйрт тариалангийн зориулалттай 1500 га газар 697 сая төгрөгт хүрч зарагдсан байна. Дуудлага худалдаа нээлттэй, ил тод болсон гэж байна. Энэ бол дэд бүтэц хөгжиж, зам харгуйтай болсны ач тус гэж сумын удирдлагууд хэлж, замчиддаа баярласнаа илэрхийлж байна. Сум орон нутгийн хөгжилд энэ бол маш том санхүүжилт болно. Мөн замын компаниуд ажиллах хугацаандаа сум орон нутгийн ажилгүй залуусыг ажлын байраар хангах, орон нутгийн удирдлагууд замын компаниудад ажлаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах, нийтийн тээврийн хэрэгслийг осол зөрчилгүй зорчуулах тал дээр харилцан хамтран ажиллахаар үүрэг хүлээж ажиллах юм.

-Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд ямар ямар замууд баригдах вэ?

-Ер нь бол Дорнодын чиглэлд Хятадын хөнгөлөлттэй зээлээр Гачуурт-Налайхын 20.9 км, дөрвөн эгнээ хатуу хучилттай зам баригдаж эхэлнэ. Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан-Өндөрхаан чиглэлийн эвдрэлтэй байгаа замыг засварлахаар 7.5 тэрбум төгрөг төсөвт суулгаж, энэ жил ажлыг эхлүүлж байна. Дээр нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замыг энэ жил ашиглалтад оруулна. Ингэснээр Мянганы замын хөтөлбөрийн хүрээнд зүүн бүсийн хөгжлийн төв Дорнод аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож байна. Улсын төсөв, Хөгжлийн банкны хөрөнгөөр Чойбалсан хотоос ОХУ-тай хиллэдэг Ульхан боомт, БНХАУ-тай хиллэдэг Хавирга боомт, Баянхошууны боомт хүртэл хатуу хучилттай зам тавина. ТЭЗҮ нь боловсруулагдаж дууссан. Зураг төслийн шатандаа явж байна. Эдгээр замууд стратегийн чухал замууд болох ёстой.

-2016 онд улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах замууд байгаа юу. Хэдэн аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдох вэ?

-Энэ онд улсын төсөв, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Хятадын зээлийн хөрөнгөөр хэд хэдэн зам барина. Тухайлбал, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км зам, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км, Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 189 км замын ажлыг шинээр эхлүүлж, Солонготын даваа-Тосонцэнгэл чиглэлийн 127 км, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Ховдын Үенч сумын 60 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замууд баригдаж дуусна. Дээрх замууд ашиглалтад орсноор Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үлдэж байгаа юм. Ховд-Өлгийн замыг барьж дуусгаснаар баруун бүсийн босоо тэнхлэг хойд, урд хөрштэйгөө хатуу хучилттай авто замаар холбогдоно. Ингэснээр баруун аймгуудын дэд бүтэц илүү сайжирч, ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, ард түмний амьдралд мэдэгдэхүйц үр дүнгээ өгөх юм.

-Энэ онд баригдаж дуусгах, засварлах замуудад салбарын яамны хувьд нэлээд анхаарал тавих байх. Ер нь төлөвлөсөн хугацаандаа замууд ашиглалтад орж чадах болов уу?

-Чадахын төлөө ажиллана. Зам барилгын ажил эхлэнгүүт яамны Авто замын газраас хариуцсан мэргэжилтнүүд газар дээр нь очиж байрлаж ажиллахаар болж байна. Төлөвлөгөөгөө гаргаад баталчихсан. Энэ дагуу баригдаж байгаа бүх замууд дээр энэ удаагийнх шиг ажлын хэсэг газар дээр нь очиж, шийдвэрлэх асуудлуудаа цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлээд явна. Тиймээс бид амласан ажлаа цаг хугацаанд нь дуусгаж, чанартай авто зам барьж чадна гэж бодож байна.

PHOTONEWS.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш