logo
Би үхэх эрхтэй

Би үхэх эрхтэй

2016/02/25

“Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар  биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ”

Энэ бол Монгол улсын төрийн албан хаагчийн тангараг, хуулийн хариуцлага хүлээнэ гэж шууд л амлаж байхыг бодоход хууль зөрчих магадлал ихтэй ажил бололтой. Тэр хэрүүлийн шинж чанартай юм ч яахав. Төрийн үүрэг юу юм бэ? гэдгийг өөрийн бодлоор тайлбарлан хүргэхээр шийдлээ.

Төр бол хүн. Төрийг төлөөлж буй хүн бол намайг одоогийн байгаагаас минь дээрдүүлж жаргаадаггүй юмаа гэхэд, зовоохгүй байх үүрэгтэй хүн. Ер нь бол заримдаа хараад байхад юм хийж чаддаггүй хүн бол хийхгүй байсан нь дээр байдаг юм ш дээ, төр минь.

Хүмүүс бид дэндүү олон эрхтэй. Хүн бүр ганц ганцаараа өөр өөрийн газар дээр амьдардаг байсан бол бүх заяамал эрхээ эдлэх байлаа. Гэтэл бид нийгэмд амьдардаг учраас нийгмийн эрх ашгаар хүн төрөлхтөний эрх хязгаарлагдсаар ирсэн. Нийгмийн эрх ашгийн төлөө бүх хүний эрхийг хязгаарлахын тулд хууль гарган баталгаажуулсан.

Ардчилал гэж нэг хүний эрхийг хамгаалахын төлөө хэдэн сая хүний ашгийг хязгаарлаж чаддаг тийм нийгмийг хэлдэг. Гэтэл манайд нэг хүний ашгийн төлөө хэдэн сая хүний эрхийг зөрчиж байна.

Зохион байгуулалттайгаар, хүмүүс биднийг жаргалтай байлгах ажлыг хийх ёстой газар бол төр.

Төрийн үндсэн үүрэг бол бүх хүнийг жаргалтай байлгах. Тэр үүргээ биелүүлж чадахгүй бол хүмүүсийн жаргал гэдэг ойлголтыг нь өөрчлөх бас нэг арга байна. Магадгүй тархи угааж чаддаг болсон цагт утаанд амьдрахыг жаргал гэж ойлгуулж чадах юм бол та бүхэн ажлаа хийж чадсан байна. Үүнийг чинь ард  түмэн ч үнэлэх ёстой. Сонгуулиар мандан бадраг...

Төр минь ээ, зүгээр л надруу харж байгаад “Би таныг жаргалтай байлгаж чадна” гээд амалчих.

Төр өөрийнхөө хүчийг ашиглаж, ард түмнээ өнөөдрийн ядуурал, хоцрогдлыг нь жаргал гэж ойлгуулаад ирээдүйн сайн сайхны төлөө зүтгүүлж чадаж байвал тийм л төр жинхэнэ сайхан ирээдүйг авчирдаг. Надад итгүүл , тэгвэл би та нарыг дагая. Манайхан саяхнаас энэ аргыг туршиж үзсэн.

“2040 онд Улаанбаатар хотод олимп болно”

Энэ урианд хэн итгэж байна. Хэлсэн хүнийнх нь хажууд зогсох хүмүүс хүртэл цаанаа нэг айдастай. Үүндээ итгүүл л дээ. Би л лав итгэхгүй байна. Надад манай төр ирэх жил гэхэд утаагүй болгож чадахаар харагдаж байсан бол энэ хүмүүс  ч чадах юм байна шүү гэсэн итгэл төрөх байсан биз.

Шүүмжлэл бол өвчинг анагаахын тулд өгч буй эм юм. Эм өвчинг дарах эсэх нь ууж буй хүний сэтгэлзүй болон өгч буй хүний мэдлэгээс шалтгаална.

Монголын яруу найргийг сонсдог залуучууд бараг байхгүй болсон шиг л наадах урианд чинь хэн итгэх юм. Хэтэрхий амьдралаас тасарсан, ахуйгаас хөндийрсэн юм бүхэн хийсвэрлэлд орж эргээд мухардал, мухар сүсэг болон хувирдагтай адил мэт байна.

Би боол, та хаан гэж хэтрүүлж фантазлахаа боливол таарна. Боол хүн бол миний хий гэснийг хийж, гэрийн шороог цэвэрлэж, миний бөгсийг арч гэхэд арчих ёстой тийм л хүн. Тийм л боол гэж өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа юм бол та нарыг яваасай гэж бодож байна, та нараас дээр ухаантнуудыг би сонгомоор байна, одоо яваадах. Та нар энийг хүсээд байгаа юмуу. Албатгүй хаан байснаас эрхээ эдэлдэг иргэн байсан нь дээр.

Бид бол азгүй хүмүүс. Чингис хаан ард түмнийг араасаа дагуулахын тулд эхлээд бодит үйлдлээрээ дагуулсан. Гэтэл одоо үед адгийн шаарыг ч алтаар бүтээсэн хүн гэж ойлгуулах хүчтэй мэдээллийн хэрэгсэл гэж гай гараад ирчихлжээ, хөгжил маань бидэнд хүний бодит чанарыг таних боломжийг бүр л хаасаар байна.

Ард түмэн өөрсдөөсөө илүү гэж улс төрчдийг итгэж сонгодог, гэтэл өөрөөс нь доор санагдаад ирэхээр тэд бухимддаг.

Монголын ард түмэн бол үнэхээр олон сайхан эрхийг эдлэх эрхтэй болсон хүмүүс. Тэр эрхүүд дундаас хүний гарцаагүй бөгөөд заяамал эрх бол амьдрах болон үхэх эрх юм.

Миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх минь зөрчигдөж байна. Би яндан бүрээс мөнгө авч жил бүр утааны үеэр гадаадад амьдармаар байна. Би эхнэр, хүүхэд хоёртойгоо өвөлжчихөөд ирэхэд тавин сая төгрөг л болно. Тэр мөнгийг энэ хэдэн цахилгаан станц, машин унадаг хүн бүр бас гэр хорооллынхон хуваагаад төлчих. Гэр хорооллынхон 40 саяыг хуваахад нэг айлд 190 орчим төгрөг л ноогдоно. Та нарын ус авна гээд хадгалж байдаг хэдэн задгай төгрөг ш дээ. Би эрхээ эдэлмээр байна. Энэ бол ардчилал. Та нарын ашгийн төлөө би эрхээ зөрчүүлэх ёсгүй шүү. Миний ... банкны дансны дугаар 5xxxxxxxxx. Ингээд л би хохирлоо авчихмаар байна. Миний эрхийг эдлүүлээч төр минь.

Ардчилал, тэгш ёсны зарчмаар бол энэ хүмүүсийг би хотод амьдар гээгүй, тэд энд ирчихсэн байгаа, намайг ч амьдар гээгүй, гэхдээ би эрхээ эдэлж байна. Тэгээд би утаа гаргаагүй учраас гаргаж байгаа хүмүүсээс л нөхөн төлбөрөө авах гэсэн юм болно биз дээ.

Манайхыг уурын зуух халаадаг, тэр утааны төлбөрийг би төлж болно. Нээрээ тэр уурын зуух чинь манай гэрийг халаасныхаа төлөө төлбөрөө авдаг юм чинь тэр төлбөртөө утааны төлбөрөө багтаасан байх гэж найдъя.

Хэрэв төр та, миний эрхийг эдлүүлж чадахгүй гэвэл би татвар төлөхгүй байж болно биз дээ.

Миний эрхийг хязгаарлаж байгаа бол миний хэлснийг биелүүл. Нэгэнтээ алдарт Эйнштейн “Би татварын тооцооллыг ойлгодоггүй” гэж хэлсэн байдаг. Татвар гэдэг үг бол үүргийг санагдуулдаг. Миний бие өөрийнхөө улс оронд бусдын эрхийг зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол яагаад татвар төлөх ёстой вэ?, Миний төлсөн татвар миний төлөө зарцуулагдах ёстой.

Татвар бол төр өөрийгөө санхүүжүүлэхийн тулд албадан авдаг, хүний эрх зөрчсөн гаргалгаа юм. Татвар бол ардчиллын дайсан. Тиймээс ч хаана татвар бага байна тэнд ардчилал, тэгш эрх хангагдаж байна.

Өнөөдөр чиний сүүлийн өдөр юм шиг ажилла. Энэ үг бол Улаанбаатар хотын иргэд бидэнд хамгийн тохирсон үг. Үнэндээ бол үхэл бидний яг хажууд байдаг болсон.

Би өвдөхөөс айдаг болсон. Мөнгөтэй хүмүүс Монголдоо эмчилгээ хийлгэхгүй байх нь аргагүй шүү дээ. Ер нь бол боловсролоор дамжаад Монголын бүх салбар дампуурч байна. Цалин багатай ч гэсэн сэтгэл сайтай эмч дэндүү ховор байгаа нь мөн л боловсролтой нь холбоотой.

Тэгвэл бидэнд ямар арга байна вэ? гэдэг асуулт гарч ирнэ

Яагаад эмнэлгийн үйлчилгээний чанар, эмчийн ур чадвар тэгрүү тэмүүлээд байгааг эрж хайх юм бол цаад талд нь эдийн засгийн хүчин зүйл буюу цалин хөлс, хөрөнгө оруулалт гарч ирнэ. Бидний хайрт төр минь өнгөрсөн жилүүдэд бидний эрүүл мэндийг муутгах дэндүү олон зүйл хийсэн атлаа, эрүүл мэндийн салбарт өчүүхэн хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн. Эмч нарын цалинг шүүгч нарынхаас ч илүү болгож нэмэх хэрэгтэй.

Үхлийг хамгийн сайхан зүйл мэт болгож, үхэх эрхийг надад битгий тулгаач, миний жаргаагч аа...

Т.Баярхүү
Эх сурвалж: 
www.TODAY.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш