logo
Хөрөнгийн зах зээлийн төлбөрийг Монголбанкаар дамжуулна

Хөрөнгийн зах зээлийн төлбөрийг Монголбанкаар дамжуулна

2011/10/15
Монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдын үнэт цаасны төлбөр тооцоог Монголбанкаар дамжуулан хийх боллоо. Өнгөрсөн долоон хоногийн баасан гарагт Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцаа, бондын арилжааны төлбөр тооцоог Монголбанкаар дамжуулан гүйцэтгэх албан ёсны нээлтийн ажиллагаа болов. ҮЦТТТХТ, Монголбанкны банк хоорондын гүйлгээний төлбөр тооцооны санхүүгийн дундын сүлжээнд холбогдсоноор үнэт цаасны төлбөр тооцоог онлайн горимоор бодит цагт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн нь манай хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт хүргэнэ гэж албаны хүмүүс нээлтийн ажиллагааны үеэр хэлж байна.

Ингэснээр төлбөр тооцоотой холбоотой эрсдэлийг бүрэн арилгаж, төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэх болно. Энэ бол цаг үеэ олсон арга хэмжээ. Өмнө нь арилжааны банкуудаар дамжиж төлбөр тооцоо хийдэг байхад гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсдэг байсан бол одоо цаг алдалгүй мөнгөө шилжүүлэх боломж бүрдсэн учир тэдний итгэл улам ихэснэ гэж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба хэлж байна. Монголбанкаар дамжуулан хөрөнгийн зах зээлд оролцогчдын хувьцаа, бондын арилжааны төлбөр тооцоог хийхэд  түргэн шуурхай болохоос гадна нууцлал, аюулгүй байдал улам сайжирна. Төлбөрийн мэдээ болон харилцах дансны мэдээлэл нь зөвхөн тухайн оролцогч тал тайлж уншиж, илгээж чадах нууцлалын шифрлэлтийг ашиглах тул нууцлал, аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг бууруулж чадна. Мөн ҮЦТТТХТ-ийн төлбөр тооцоонд ашиглагдах хөрөнгийг Монголбанкинд байршуулснаар төлбөрийн эрсдэлийг арилгана гэж Монголбанк мэдэгдэж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Пүрэвдорж, хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоо Монголбанкаар дамжин гүйцэтгэх болсныг тайлбарлахдаа, үнэт цаас зарч борлуулах төлбөр тооцооны нэг хэсэг нь Монголбанкны нэгдсэн сүлжээнд орно гэдэг бол төлбөр тооцооны систем маань улам нэгдэж, нягтарч, үйл ажиллагаа нь сааталгүй болж байгаа зүйл. Тийм учраас энэ бол бага зүйл биш том ажил гэж хэлэв.  Тэрбээр мөн “Монголын хөрөнгийн биржид хийгдсэн гүйлгээ Монголбанкны төлбөр тооцооны нэгдсэн системээр дамжиж хийгдэнэ. Монголбанкны төлбөр тооцооны нэгдсэн систем бол бодит цагийн горимд орчихсон.  Өөрөөр хэлбэл хязгаар нутгийн суманд хийлгэсэн гүйлгээ тэр доороо л дансанд орно. Монголбанкны төлбөр тооцоо бол Монгол Улсдаа хамгийн найдвартай бөгөөд хамгийн өргөн хүрээлэлтэй учраас үнэт цаасны зах зээлд оролцсон хүмүүсийн төлбөр тооцоо маш түргэн хийгддэг болно” гэв.

Харин ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам, “Манай компани банк хоорондын системд шинээр нэгдэж  оролцогч болж байна. Хэрэв тухайн харилцагч хувьцаа худалдан авах тохиолдолд өөрийн сонгосон аль нэг банкандаа мөнгөө байршуулна. Тэр мөнгө Төв банкан дахь манай дансанд шууд онлайнаар хийгдэнэ. Мөн хувьцаагаа зарсан харилцагч өөрийнхөө мөнгийг харилцах дансандаа авах тохиолдолд тухайн харилцагчийн дансанд мөнгө нь шууд орно. Үүнд ерөөсөө хорин секунд л зарцуулна” гэж хэлэв. Тэрбээр мөн, тухайн харилцагч өөрөө банкаа сонгож байгаа тул төлбөрийн эрсдэлийг бүрэн бууруулж чадсан. Олон улсын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулах таатай орчныг улам бүрдүүлж чадлаа гэв.

“Монголын хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцооны үйл ажиллагаа олон жишигт очиход бүх нөхцөл бүрдэж байна. Монголбанкны нэгдсэн системд орсноороо ҮЦТТТХТ маань бас нэг банк боллоо гэж ойлгож болно. Бүх төлбөр тооцоо хорьхон секунданд хийгдсэнээр үйлчлүүлэгчдийн итгэл улам ихэснэ. Монголбанканд ҮЦТТТХТ хөрөнгө байгаа учраас их баталгаатай. Өнөөдөр гэхэд л хоёрхон цагийн дотор 2.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Өчигдөр орой холболт хийгдсэнээсээ хойш нийт 13 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Энэ бол хүмүүсийн хүсч хүлээж байсан үйлчилгээ болж чадаж гэдэг нь бол харагдаж байна” гэж ҮЦТТТХТ-ийн ТУЗ-ын дарга бас хэлж байсан. Дашрамд дурдахад, Монголбанкинд зөвхөн ҮЦТТТХТ-ийн төлбөр тооцоонд ашиглагдах данс нээгдэх ба хөрөнгийн зах зээлд оролцогч харилцагчдын данс ҮЦТТТХТ ба арилжааны банкинд байрших юм байна.
Х.БИЛЭГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш