АГААРААР МӨНГӨ ХҮҮЛЭГЧ
Эл хэргийг сөхвөл, өнгөрсөн онд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт саатал гарснаар хамаг хэрэг мандсан байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Р.Эрдэнэбат нь дэд захирлын албан тушаалыг хашиж байхдаа Сөүл-Улаанбаатарын чиглэлд ачаа хэлбэрээр тээвэрлэх тээшийг тээвэрлэх тухай журам гаргажээ.
Уг журмыг 2008 оны долоодугаар сарын 4-ний өдөр гаргасан аж. Эл журам үнэн хэрэгтээ өөрт нь л ашигтай байж. Учир нь тэрбээр журам батлахаасаа гурав хоногийн өмнө ажилчдадаа мөрдүүлж эхэлсэн нь хууль бус үйлдэл юм. Түүний увайгүй үйлдлийг хуулийнхан илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
МИАТ-ын захирал асан Р.Бат-Эрдэнийн баруун гарыг одоогийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг гэлцдэг. Үүнийг гэрчлэх иргэд цөөнгүй байдаг юм билээ. Нэг үгээр хэлбэл, Р.Бат-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан нэгэн юм. Тэрбээр албан тушаалаа хашиж байхдаа Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр 8000 вон байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар эл журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байдаг аж. Гэтэл тухайн үед Б.Хурц эл албан тушаалыг хашиж байсан гэх. Эх сурвалжийн мэдээллээр 2008 оны долоодугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн МИАТ компанийн нислэгээр 90 мянга орчим кг ачаа тээвэрлэгдсэнийг хууль хяналтынхан тогтоосон байна. Ингээд бодохоор 90 мянга гаруй кг ачаа хэдэн тэрбумаар тоологдож байгаа юм.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТУЙЛАГЧИД
МИАТ-ын захирлууд албан тушаалаа урвуулан ашиглахдаа гарамгай. Тэд татвар төлөгчдийн мөнгөөр туйлж буйгаа мэддэггүй бололтой. Тус компанийн захирлууд их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа.
Эрхэм захирлууд одоогоос хэдэн жилийн өмнө буюу 2008 оноос хойш Япон улсын нэгэн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг. Тэд гэрээний дагуу гэгдэж таван сая ам.доллар шилжүүлсэн аж. Тус компанийн удирдлагууд гадаад дахь төлөөлөгчөөрөө дамжуулан мөнгө шилжүүлдэг байсан гэх. Эл мөнгөө тайлбарлахдаа эрсдлийн даатгал хэмээдэг байна.
Иргэний нисэхийн даатгагчын тухай хуулийн 303 дугаар зүйлд заасны дагуу заавал хийх шаардлагатай дайны эрсдлийн даатгалыг бий болгосон байна. Ингэхдээ их хэмжээний мөнгийг гадаад руу шилжүүлдэг байжээ. Энэ үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн болохыг цагдаагийнхан тогтоон шалгаж байгаа юм.