Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны хоёрдугаар сарын 12-ны 28 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо өнөөдөр /2016.03.02/ анхны хуралдаанаа хийж, хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа.
Үндэсний хороог Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ахалж буй бөгөөд тэрээр, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг хуралдааны үеэр чухалчилсан юм.
Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Үндэсний хорооны гишүүн М.Сономпил, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн С.Оюун, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний хорооны гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм.
АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын XII уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний XI уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн XV чуулга уулзалт тус тус болох юм.